Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр буюу маргааш Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулсны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож буй билээ.
В.Путиний хувьд Монгол Улсад хийж буй анхных, бас сүүлчийн айлчлал ч биш юм. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчийн хувиар гурав, Ерөнхий сайд байхдаа нэг удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байв. Нэн ялангуяа Халх голын байлдааны түүхт ойтой айлчлалаа давхцуулдаг болсон. Халх голын байлдааны ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлсэн түүхэн үйл явдалд зүй ёсоор тооцогдож ирсэн билээ.
Айлчлалын он цагийн дарааллыг шүүж үзвэл,
В.Путин 2000 онд Монгол Улсад хийсэн анхны айлчлалаараа их өрийг тэглэх талаар анхны яриа хэлцэл хийж байв
В.Путин Монгол Улсад 2000 онд анх удаа айлчилсан ба энэ үеэр Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас зээлсэн их өрийг шийдэх, цаашлаад өрийг тэглэх тухай асуудлыг яриа хэлцлийн төвшинд анх удаа тохиролцож байв. Түүний дараа 2003 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын их өрийг Шинэ оны босгон дээр тэглэж байв.
Ерөнхий сайд В.Путин 2009 оны айлчлалаар Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
-2009 оны есдүгээр сарын 3-ны өдөр Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ерөнхий сайд В.Путин нар Монгол Улсад айлчлахдаа Засгийн газар хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурж, энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр ид өрсөлдөж байсан үе юм. Санаатай, санаандгүйгээр давхцуулсан эсэх нь тодорхойгүй ч В.Путин Монголд хагас өдөр болохдоо Н.Энхбаярыг дэмжээрэй гэсэн санааг улс төрийн хүрээнд далдхан илэрхийлээд буцсан гэдэг.
2014 оны айлчлалаар хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчилсан. Ингэхдээ баярын арга хэмжээнд оролцож, Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд хоёр улсын харилцааг хөгжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Халх голын байлдааны 75 жилийн ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Сүхбаатарын талбайд хүндэтгэл үзүүлж, энэхүү айлчлалын үеэр хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих, Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай, Улаанбаатар төмөр замыг, хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар хамтран ажиллах хэлэлцээр зэрэг олон баримт бичигт гарын үсэг зурсан юм.
2019 оны айлчлалаар бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажууллаа
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Монголд болоход оролцоогүйгээр барахгүй 2016 оноос хойш манай улсад хийх айлчлалын товоо хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст Халх голын байлдааны 80 жилийн ойгоор буюу 2019 онд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсоныхоо дараа Монгол Улсад айлчилж байлаа. Ингэхдээ Монгол Улсад цөөн цагийн хөтөлбөртэйгөөр айлчилсан ч түүний хувьд энэхүү ойн арга хэмжээнд оролцохын сацуу тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, хамтран ажиллах зарим баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Түүний хувьд энэхүү ойн арга хэмжээнд оролцохын сацуу тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээг хугацаагүйгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулсан. В.Путиний хувьд Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ирж байгаа ч энэ нь айлчлалын гол агуулга биш. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг нэг шат ахиулан, иж бүрэн түншлэлийн гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурах нь хамгийн гол үйл явдал байсныг албаныхан тодотгож байлаа.
Энэ тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Энэ онд тохиож байгаа Халхын голын ойг тэмдэглэх үеэр БНХАУ-тай байгуулсан шиг Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг ОХУ-тай байгуулах юм. 1991 онд ОХУ-тай байгуулсан Стратегийн түншлэлийн гэрээг шинэчлээд иж бүрэн гэдэг үг нэмнэ” хэмээсэн билээ. Иж бүрэн түншлэл гэдэг нь хоёр орон бүхий л салбарт, өндөр түвшинд харилцаагаа хөгжүүлэхээр талууд тохирно гэсэн үг. Энэ дагуу В.Путин Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн иж бүрэн түншлэлийн талаар хамтарсан мэдэгдэл гаргасан ба Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай хүндэтгэлийн зоог барьж, Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн билээ.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхана
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тавдахь удаагаа сонгогдсон Владимир Путин 2024 оны тавдугаар сард Төрийн тэргүүний тангаргаа өргөсөн юм. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм байна.
В.Путиний Монгол дахь айлчлалын үеэр Засгийн газар, яамд хооронд болон бизнесийн салбарын гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахад бэлэн болсон
ОХУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар, В.В.Путин олон жилийн түүхтэй, найрсаг хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн тулд “Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой“ гэжээ. Мөн бидний харилцааны гол чиглэл эдийн засаг юм гэж тэрбээр онцлоод, хамтарсан томоохон төсөл хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн үр ашиг, өгөөжийг урьдчилан сайн тооцох нь чухал хэмээн тэмдэглэсэн байна.
Бараа бүтээгдэхүүний эргэлт
-Өнөөдрийн байдлаар манай хоёр орны дунд улс хоорондын болон Засгийн газар хоорондын 150 орчим гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж буй бөгөөд 2016 оноос Орос, Монголын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба уг баримт бичиг нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Цаашлаад
-Хоёр орны худалдааны эргэлт 2018 оны байдлаар 1.7 тэрбум ам.доллар байсан бол өдгөө 2,2 тэрбумд хүрсэн.
-Өнгөрсөн онд Оросын гаалийн статистик мэдээний дагуу Орос-Монголын худалдааны эргэлт бараг 2.2 тэрбум ам.долларт хүрсэн ба ОХУ-аас Монгол руу гаргасан экспорт 2.15 тэрбум доллар болсон байна. -Оросын талаас гол төлөв газрын тосны бүтээгдэхүүн (нийт нийлүүлэлтийн 74.2 хувь), хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн түүхий эд (10.9 хувь), химийн бүтээгдэхүүн (5.7 хувь) нийлүүлсэн байна.
Харин Монголын талаас эрдэс бүтээгдэхүүн, голдуу жонш (нийт нийлүүлэлтийн 51.6 хувь), нэхмэл эдлэл болон гутал (11 хувь), хүнсний бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн түүхий эд (8.1 хувь) нийлүүлжээ.