Тоглох эрхгүй хүүхэд...

Хүүхэд байхдаа бушуухан том болохсон гэж хүсдэггүй, ядаж л ганц удаа ч болов тэгж бодож үзээгүй хүн хэн байх. Харин өсч томрохын хэрээр хүүхэд нас... хэмээн хөнгөн шүүрс алдан дурсамжиндаа хөвдөг нь магадгүй хүн төрөлхтний хожимдсон гэгээн гэмшил юмсан уу... Өдөржин тоглоно, хоол цайгаа идэж уулгүй гадаа л гүйж явбал ганц болдог юм шиг санагдах бага нас. Тоглоно, эрхэлнэ, унтана угаас бага нас баясах алтан боломж юм шиг эдэлдэг. Ээж, аавууд маань ч хамаг л байдгаа барьж гүйнэ... Ийм л байх ёстой, ийм  л байдаг гэх сэтгэлээр энхэр бага насаа өнгөрөөсөн хүмүүс бурханы авралаар олон. Гэвч тоглох эрхгүй тэр ч бүү хэл амрах сурах ч боломжгүй хүүхэд бидний дунд олон байдаг ажээ. Хөгжиж буй ихэнх орнуудын нэгэн адил Монгол Улсыг сайн болон саар зүйлс ардчилал, зах зээлтэй хамт адил тэнцүүхэн дагаж ирсэн. Сааруудын нэг нь хүүхдийн хөдөлмөр. Хүүхдүүд өвчтэй, ажилгүй, эсвэл хөдөлмөрийн чадваргүй эцэг эхдээ дэм болох гэж ажил эрхэлдэг. Ажил эрхлэгч хүүхдүүдийн ихэнх нь Нарантуул, Хархорин гэхчлэн худалдааны төвүүд дээр жижиг бараа зарж борлуулах, ачаа зөөвөрлөх аргаар мөнгө олдог. Мөн чанасан өндөг, мэдээ, самар жимс зарж суух нь элбэг. Бид ч үүнд нь бараг дасаж орхиж. Гутал тосолж суугаа хүүгийн мөнгийг өгөлгүй булан тойрон одох залуу хүүхэд байгаагүй байх л даа... Ер нь хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн олонх хаягийн бүртгэлгүйн улмаас сургуульд орж чаддаггүй. Мөн бичиг баримтгүйн улмаас хүүхдийн мөнгөн тэтгэмж ч авдаггүй байх нь түгээмэл. Судалгаанаас харахад, өнөөдрийн байдлаар Монголд зөвхөн алтны уурхайд ажилладаг насанд хүрээгүй 8000 хүүхэд байдаг гэсэн тоо байна. Тэдгээр хүүхэд ус шороо зөөж, газар ухаж, алт угаадаг маш хүнд хүчир ажил хийдэг. Дээрээс нь өдөржингөө бохир ус болон машин механизмын утаа, мөнгөн ус болон химийн бусад бодисоор амьсгална. Ихэнх тохиолдолд, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөдөлмөр эрхлэх чадваргүй архичин гэх мэт шалтгаанаас болоод хүүхэд өөрөө би ажил хийж гэрээ тэжээхгүй бол болохгүй юм байна гээд ажил хийж эхэлдэг. Хүүхэд нь л ажил хийхгүй бол тухайн өрхийн амьдрал тэр чигтээ зогсох байдалд байгаа өрх цөөнгүй. Хүүхдийн хөдөлмөр эрхэлтийн талаарх тандалт судалгааны ажлыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, зах, хог хаягдлын цэгүүд дээр зохион байгуулжээ.   Тандалт судалгааг Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн томоохон худалдааны төв, төвлөрсөн худалдааны цэгийн ойр орчим, мөн хогийн цэгүүд, хурдан морины уяа зэрэг газар зохион байгуулсан бөгөөд судалгааны явцад хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлж буй 150 хүүхдийг илрүүлсэн байна. Хүүхдүүд төрөл бүрийн ажлыг хүнд, эрсдэлтэй нөхцөлд хийж байна. Тэдний хийж буй ажил нь гар дээрээс худалдаа эрхлэх, хуушуур, бууз, машины үнэртүүлэгч зарах, төрөл бүрийн жижиг, албан бус секторын бизнесийн туслах ажил хийх, тухайлбал тэрэг түрэх, нохойн хоол зарах, мах зөөх, барилгын туслах, микро автобусны кондуктор хийх зэрэг ажлуудыг хийхээс гадна хогийн цэг дээр хог ялгах, ангилах ажлууд хийж байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь 13-17 насныхан бөгөөд 40 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг, үлдсэн хувийг сургууль завсардсан эсвэл огт сургуульд явж байгаагүй хүүхдүүд эзэлж байна. Тухайлбал хогийн цэг, машин угаалга, зам дээрх худалдаа хийдэг хүүхдүүд алхам тутамдаа хортой орчин, хүнд, эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд бохир орчинд өдөржин хог ялгах, удаан хугацаагаар усны гутал, резин бээлий өмсөж устай харьцах, замын голоор автомашин сүлжин худалдаа хийх нь хүүхдийн эрүүл мэнд, амь насыг өндөр эрсдэлд учруулдаг. Дашрамд сонирхуулахад, “Save the children” олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас Хүүхдэд хамгийн ээлгүй орон”-ы жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтын нэгдүгээрт Нигери улс орсон байна. Нигерит хүүхэд мэндэлснээсээ эхлээд л амьд явах ямар ч баталгаагүй, байнгын заналхийлэлд өртөж байдаг аж. Мөн хэт хуурайшилт, ган гачиг нүүрлэсний улмаас хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм. Дэлхийн хүмүүнлэгийн байгууллагуудын санааг зовоож буй өөр нэг асуудал нь Нигери хүүхдүүд төрөлхийн суурь өвчтэй төрж байгаа явдал гэнэ. Харин өнгөрсөн онд Хүүхдэд хамгийн ээлгүй орноор шалгараад байсан Афганистан улс энэ жил байр ухарч хоёрт орсон байна. Харамсалтай, хямд хөдөлмөрлөх хүчин болж харагдан тоглох эрхгүй үдэх хүүхэд нас... Алсын Афганистанд л асуудал байгаа юм биш хажууд чинь, дэргэд чинь харцандаа гуниг тээсэн тоглох эрхгүй хүүхдүүд. Тэд тоглохгүйгээс гадна мөнгө олох, ажил хийх архичин аав, ээжээ арай жаахан дүүгээ өлсгөхгүй байх үүрэгтэй. Ангарай жаахан биед нь ахадсан ачаа үүрүүлсэн  насанд хүрэгчид өдөржин гүрийж байж олсон мөнгөөр нь архи аваад уучих нь түгээмэл... Тоглох эрхгүй хүүхэд нас. Хүний хамгийн гэгээн дурсамж болон тархины нугачаанд нь хадгалагддаг энэ дурсамж тоглох эрхгүй хүүхдүүдийн хувьд үлдэх болов уу... Дурсамж сэтгэл зөөллөх гэгээн гуниглангүйгээр хүн яг ямар байх бол. Тоглох эрхгүй хүүхэд насны эзэд том болоод хэн болох бол... З.Урсгал

Сэтгэгдэл үлдээх