Сүүлийн үед нийгэмд халдварт өвчний тархалт ихэсч ялангуяа тэмбүү өвчний тохиолдол эрс нэмэгдэж, нас нь залуужсаар байна гэх мэдээлэл нийгэмд болгоомжлол, айдас төрүүлээд байна. Үнэхээр тийм нөхцөл байдал үүссэн үү. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон хор уршгийн талаар Монгол Улсын Зөвлөх эмч Х.Даваажавтай ярилцлаа.
-Тэмбүү өвчний тохиолдол буурахгүй харин ч эсрэгээрээ өсөх хандлагатай байгаа нь юутай холбоотой вэ. Улаан тарианы үе гэж ярьдаг. Тэр үед төр, засаг ихэд анхаардаг байснаар уг өвчлөл эрс буурч, нийт хүн амын дийлэнх хувийг эмчилж эрүүлжүүлсэн гэдэг?
-Ардын хувьсгалаас өмнө Монгол Улсад тэмбүү өвчний тархалт өндөр байсан. Төрсөн хүүхдийн гуравны нэг нас бардаг, жирэмсэн эмэгтэйн гуравны нэг зулбадаг, амьгүй хүүхэд төрдөг. Харин Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Зөвлөлтийн эмч нарын тусламжтайгаар арьс өнгөний өвчинтэй тэмцэх чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эмчлэн сэргийлэх отряд “Улаан тариа”-ны үе гэж ярьдаг. Уг нь бол хэрэглэж байсан тариа нь улаан өнгөтэй, бас улаан машинтай явдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Бүх аймагт эмнэлэг, ариун цэврийн отряд гаргаад хоёр жилийн хугацаанд Монгол Улсын бүх аймгийн нийт хүн амын 95,5 хувийг үзэж, өвчтөнүүдийн 87 хувийг эмчилж, эрүүлжүүлсэн байдаг. Тэмбүү өвчинг 1960-1990 онд тогтвортой бууруулах үйл ажиллагаа явсан. Энэ нь идэвхтэй урьдчилан сэргийлэлт байсан. Аймаг сум болгонд урьдчилан сэргийлэх үзлэг хийн илрүүлж, эмчлэх ажлыг зохион байгуулсан. Аймаг болгонд арьс өнгөний диспансер гэж бие даасан нэгж байсан.
Энэ нь Эрүүл мэндийн газрын харъяа, 3-4 эмчтэй, автомашинтай, хэвтүүлэн эмчилдэг тасагтай байсан. Тэмбүү өвчин ихсээд байгаа олон шалтгаан байна. Социализмын үед тэмбүүг нийгмийн халдварт өвчин гэдэг байсан. Урьдчилан сэргийлэх үзлэгийг идэвхтэй хийхээс гадна өвчтөн илэрвэл аймгийн арьс өнгөний диспансерт зайлшгүй эмчилдэг байсан. Сумаас аймагт дуудаж ирүүлэн хамгийн чухал нь халдаагч хавьтлыг тогтоож, эрүүлжүүлэх ажлыг хийдэг. Энэ хүн хаанаас халдвар авав, хэнд дамжуулсан гэдгийг тогтооно. Үүнийг тогтоох их төвөгтэй.
Тиймээс хүчний байгууллага хамтран ажилладаг. Үнэхээр тэр үед төр, засаг ихээхэн анхаарал тавьснаар өвчлөл эрчимтэй буурсан. Харин 1990-ээд оноос хойш ардчилал, хүний эрх гэж их ярьдаг болсноор замбараагүй байдал газар авсан. “Би хэнтэй, хаана яах нь миний эрх” гэдэг. Одоогийн залуус “Хаанаас халдвар авсан гэхээр би бааранд согтуу тэгээд л” гэдэг. Хавьтлыг олж тогтоох аргагүй. Тиймээс тохиолдлын тоо нэмэгдсээр яваа юм. Цаашлаад тэмбүүгийн өвчлөл ихэссэн нь идэвхтэй урьдчилан сэргийлэх ажил байхгүй болсонтой холбоотой. Хүний эрх гээд юмаа хэлэхээ больсон. Хамгийн чухал нь боловсон хүчний дутагдалд орсон. Хүн явж үзэж, илрүүлж тэмцдэг эрүүл мэндийн систем алдагдсан байна. Одоогийн манай эрүүл мэнд, эмнэлгийнхэн “Үхэлгүй юм чинь яах вэ” гээд дотор, эмэгтэйчүүд, мэс засал тал руугаа анхаарлаа хандуулдаг ийм болчихсон.
-ДЭМБ-ын тусламжаар олон төсөл хөтөлбөрийг их хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Тухайн үедээ үр дүнгээ өгсөн ч тэгсхийгээд хаячихсан болохоор буцаад л өвчлөл өссөн хэрэг үү?
-1990 оноос хойш ДЭМБ-ын тусламжаар олон ажил хийж, маш үр дүнтэй болж байсан. Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв гэж байгуулж байсан.
Өөрөөр хэлбэл, нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар гардаг. Энэ чинь хүний эрх, нууцтай холбоотой. Төрөлхийн тэмбүүгийн нэг цэгийн үйлчилгээ гэдэг маш чухал үйл ажиллагаа явуулж байсан. Жирэмсэн эмэгтэй хяналтад ороод үзүүлэхэд тэмбүүгийн сэжиг илэрвэл шууд эмчилгээнд оруулдаг. Баталгаажуулах шинжилгээг дараагийн төвшинд хийдэг. ДЭМБ-ын “Глобал” сангийн төслөөр маш үр дүнтэй ажил хийсний нэг нь 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөр байсан. 2003 оноос эхлээд. Тэр үед бид зочид буудал болгонд бэлгэвч байршуулдаг байлаа. Одоо бэлгэвч зарж байгаа эмийн сан байдаг юм уу, мэдэхгүй. Хүний хэрэгцээ учраас залуучууд бэлгийн харилцаанд орно. Гол нь хамгаалалт хэрэгтэй учраас бэлгэвч хэрэглэх дадал, соёлыг суулгаж өгөх хэрэгтэй байна.
-Энэ өвчин зовиур шаналгаагүй учраас хүмүүс хайнга хандаад байна уу. Ер нь шинж тэмдэг хэрхэн эхлээд өвчин даамжирсны хор уршиг яаж илрэх вэ?
-Мэргэжлийн эмч нар тэмбүүг “Чимээгүй өвчин”, “Чимээгүй тахал” гэж үздэг. Яагаад чимээгүй гэхээр тэмбүү өвчний үед халдвар авахад эхний үед хатуу яр шарх гардаг. Өөрт нь зовиур шаналгаагүй учраас бусдад халдаагаад яваад байдаг. Тодорхой хугацаанд 45 хоног байж байгаад алга болчихдог. Тэгээд цааш өвчин даамжраад байдаг. Хүмүүс мэдэхгүй, салбарынхан нь ярихгүй сурталчилгаа тааруу байгаатай шууд холбоотой гэж би шүүмжлэлтэй хандана. Тэмбүү өвчний архаг халдвар олон үе шатаар дамжина. Хүний бүх эрхтэн системийг гэмтээдгээрээ аюултай. Хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэн тогтолцоог гэмтээнэ. Эцэстээ мэдрэлийн эсийг гэмтээнэ. Хүн эрүүлээр сэтгэж чадахаа болино гэсэн үг. Тархины янз бүрийн эмгэг илэрнэ гээд гарах хор урхаг ихтэй.
-Одоо эрт илрүүлэг улс орон даяар яваа. Үр дүнд нь илрүүлэлт нэмэгдсэн үү?
-Идэвхтэй урьдчилан сэргийлэх үзлэг байхгүй болчихсон. Одоо эрт илрүүлэг гээд явж байна. Гэхдээ насны хязгаар нь 18-49 байдаг. Гэтэл өнөөдөр 15-16-тай хүүхэд, 60-тай өвгөн тэмбүүгээр өвчилж байна. Тиймээс насны хязгаарыг тэлэх шаардлагатай байна.
-Залуус ихээр өвчлөх боллоо. Тэмбүү газар авлаа гэх юм. Үнэхээр тийм байна уу, зарим нэг хүний дэгс яриа нийгэмд буруу зөрүү ойлголт өгөөд байна уу?
-100 хүн өвчиллөө гэхэд 13-15 хувь нь 15-19 гээд нөхөн үржихүйн насныхан байна. Энэ бол их тоо. Сүүлийн 15 жилийн байдлаар 12-25 мянган хүн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн гэсэн статистик байна. Үүний 40-41 хувийг тэмбүү эзэлдэг. Социализмын үед буюу 1990-ээд оны өмнө нэг хүнээс 2-3 хавьтал илрүүлдэг байсан. Гэхдээ янз бүр арав ч байна, ганц ч байна. Дундажаар одоо бол 100 хүний 50 хувь л халдвар авсан хавьтагчаа хэлж байна. Халдвар тархах үүр уурхай энэ болж, тэмбүүгийн өвчлөл нэмэгдэж байгаагийн бас нэг шалтгаан болж байна.
-Өвчлөл уул уурхайтай аймагт өндөр гардаг гэдэг. Ер нь хөдөө орон нутаг тэмбүүгийн өвчлөл ямар байгаа вэ?
-Аймгуудад янз бүр. Бэлгийн замын халдварт өвчний эмчгүй дөрвөн аймаг байна. Жилийн эцэст эрүүл мэндийн байгууллагууд тайлангаа нэгтгэхээр хэд хэдэн аймаг тогтмол өндөр гардаг. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, өвчлөл өндөр. Хоёрдугаарт, илрүүлэлт сайн гэсэн үг. Уул уурхайтай аймагт өвчлөл их байх хэд хэдэн шалтгаан байна. Ганц бие залуус тэнд ажиллаж байна, мөнгөний төлөө очиж үйлчлүүлдэг эмэгтэйчүүд байна.
-Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг нэг бол иргэдэд сайтар ойлгуулах, үгүй бол өөр арга замаар авдаг арга бий юу. Манайхан энэ төрлийн эмчид үзүүлбэл “Өө өвчтэй юм байна” гээд ойлгочихдог сул талтай. Тиймээс ч хүмүүс үзүүлэхээс жийрхдэг?
-2018-2021 онд бүх аймаг сумдаар их идэвхтэй явж халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлэг гэж хүмүүсийг цуглуулаад янз бүрийн үйл ажиллагаа зохиодог байсан. Эхлээд даралт, жин, таргалалт үзээд, эход хараад, цус аваад. Цус авахдаа л бэлгийн замын халдварын шинжилгээ давхар хийчихдэг байсан. Их үр дүнтэй үйл ажиллагаа явж, бүх аймагт хэрэгжсэн байдаг.
-Тэмбүү нийгмийн өвчин. Ер нь манай улсад л ийм өргөн тархаад байна уу, бусад улс оронд ямар байдаг юм бэ?
-Тэмбүүгийн өвчлөл дэлхий дахинд өндөр байна. Ялангуяа Ковидын үед бүр нэмэгдсэн. Энэ өвчний тархалтыг байхгүй болгоно гэвэл хэцүү. Хүн л байгаа цагт байж л байна. Харин яаж хамгаалах вэ гэсэн эрсдэлгүй зан үйлийг л төлөвшүүлэх нь чухал.
-Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь багассан уу. Жирэмсэн эхчүүд хяналтад орохын тулд зайлшгүй шинжилгээ өгдөг. Тэгэхээр эрт илрүүлэх боломжтой?
-Жирэмсний хяналтыг 97-98 хувьд нь хийж байгаа ч хаягддаг хэд хэдэн шалтгаан байна. Аймаг хот дамжаад бүртгэлд орохгүй явдаг. Эсвэл эмнэлгээс шинжилгээнд орсон гэсэн бичиг авчихдаг улс байна.
-Хамгийн гол нь нийгмийн чимээгүй тахал гэгдээд байгаа тэмбүүгийн өвчлөл 100 хувь эмчлэгддэг, эдгэдэг гэдэг. Тиймээс энэ өвчнөөр өвчилснөө мэдсэн даруйдаа мэргэжлийн эмчид, эмнэлэгт хандах нь зүйтэй юм байна, тийм үү?
-Тэмбүү 100 хувь эмчлэгддэг өвчин. Илрүүлбэл эмчлэгдэнэ. Өөрөө эдгэрнэ гэж байхгүй учраас урхаг нь явсаар эцэст нь мэдрэлийн эс хүртэл гэмтдэг ийм айхтар өвчин. Тиймээс эрсдэлтэй бэлгийн харилцаанд орохгүй байх шаардлагатай. Орлоо гэж сэжиглэвэл бэлгийн замын халдварт өвчний эмнэлэгт хандах хэрэгтэй. Цусны шинжилгээ өгөөд шинжлүүлчихнэ. Өвчин илэрвэл заавал эмчлүүл. Бас залуус эмийн санд очоод буруу зөрүү антибиотик аваад хэрэглэхээр шинж тэмдэг нь дарагдчихдаг. Харин өвчин цаашаа даамжраад байдаг.Тиймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгөх ёстой.
-ДОХ анх манай улсад илрэхэд нийгмээрээ айдас хүйдэстэй хүлээн авсан. Түүнээс хойш тохиолдол бүрийг тоолсоор харин одоо бол тоохоо больсон гэхэд хатуудахгүй болов уу?
-ДОХ ерөнхийдөө ямар хүмүүсийн дунд их тархаад байгаа нь тогтоогдчихсон учраас тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа сайн яваа. Олон улсын төслөөр маш их мөнгө хаяж байгаа. ДОХ ямар хүрээнд байна гэдгийг тогтоочихсон учраас ерөнхийдөө хяналттай байгаа гэж ойлгож болно. ДОХ-ын вирусийг устгах, үхүүлэх эмийг шинжлэх ухаан гаргаж чадаагүй л байна. Гэхдээ дэвшил гарч байгаа. Манайд маш үр дүнтэй яваа ажлын нэг нь ДОХ-той эх эмчилгээ хийлгээд хүүхэд нь эрүүл төрж байна. Урьчилан сэргийлэхээр бол хүн өөрийнхөө шүлсээр тестээр үзээд шинжилдэг болсон. Олон төрлийн тест бий.
-Та бэлгийн замын халдварт өвчнөөр дагнан олон ажил ажилласан, мэргэшсэн зөвлөх эмч. Таны хувьд эмзэглэж явдаг зүйл юу вэ?
-Боловсон хүчний дутагдал их байна. Бэлгийн замын халдварын кабинетэд 2-5 эмч байх ёстой гэдэг сайдын тушаал бий. Тэр огт хэрэгжихгүй байна. Төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн эмийн сангууд антибиотикийг эмчийн бичиггүйгээр замбараагүй өгөөд байгааг таслан зогсоох шаардлагатай байна. Залуу охид хөвгүүд эмчээ ч мэдэхгүй эмийн санд очиход дураараа антибиотик өгчих юм. Сайн дурын зөвлөгөө шинжилгээ өгөх нэг цэгийн үйлчилгээ маш чухал. Сүүлийн үед орхигдчихоод байна. Олон сайд ирсэн ч яг энэ рүү анхаарахгүй, хандахгүй байна. Нийт хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг байнга явуулж байж л өвчлөлийг тогтоон барьж авна шүү дээ.
-Танд үзүүлж зөвлөгөө авах хүн мундахгүй байх. Хаягаа хэлж өгөөч?
-Баянзүрх дүүрэг 14 хороо, ХӨСҮТ-ийн чанх хойно “Борх” төвийн 1 давхрын 106 тоотод байрлах “Улаан тууз” ДДБ гэсэн хаягаар ирж үйлчлүүлж болно. .
 
                             
                                         
                                             
                     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
     
        
    
Сэтгэгдэл үлдээх