Стокгольм хотод 2021 он гэхэд Шведийн алдарт DJ Avicii-гийн амьдрал болон уран бүтээлд зориулсан музей нээгдэхээр болжээ. "Avicii Experience" нэртэй энэхүү музей нь дуу хөгжим ба видео тоглоомд зориулсан Space гэх бүтээлч орон зайн нэг хэсэг болох юм.
Тус музей нь Тим Берглинг буюу Avicii-г зөвхөн уран бүтээлчийн зүгээс төдийгүй хувь хүн талаас нь харуулах болно. Тухайлбал түүний хүүхэд насандаа амьдардаг байсан өрөөнөөс эхлээд хит дуунуудаа зохиосон Лос-Анжелес дахь дуу бичлэгийн студи хүртэлх амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон зүйлсийг олон нийтэд дэлгэх юм. Түүнчлэн үзмэрүүд дунд түүний хувийн эд зүйлс, архивын зургууд, тэр ч бүү хэл өмнө нь олон нийтэд танилцуулж байгаагүй дуунууд багтах болно. Жишээ нь "Levels" нэртэй түүний хит дууны анхны хувилбарыг сонсох боломжтой.
Музейн тасалбараас олсон мөнгөний тодорхой хувийг Тим Берглингийн нэрэмжит санд шилжүүлнэ гэжээ. Тус сан нь амиа егүүтгэх эрсдэлтэй, сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах зорилготой бөгөөд Avicii-г таалал төгссөний дараа түүний гэр бүл үүсгэн байгуулсан юм.
Эргэн сануулахад Тим Берглинг 2006 онд хөгжмийн карьераа эхлүүлсэн билээ. Удалгүй "My Feelings for You", "Seek Bromance", "Blessed", "Wake me up" ба "Levels" зэрэг дуунууд нь түүнд нэр алдрыг авчирсан юм. Тэрээр хоёр удаа Грэммигийн шагналд нэр дэвшиж, дэлхийн хамгийн өндөр цалинтай DJ нарын жагсаалтад багтаж байв. Харамсалтай нь Avicii 2018 онд 28 насандаа таалал төгссөн юм.
Сэтгэгдэл үлдээх