ЗТХЯ-ны албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах үйлсэд нэгдэв

Зам, тээврийн хөгжлийн яамны албан хаагчид Сүхбаатар дүүргийн IX хороо буюу “Дөлгөөн нуур”-ын хойд талд буюу “Тулгат” төвийн дэргэдэх сайжруулсан шахмал түлшний бөөний төвд ажиллаж, 37 тонн түлш шуудайлав.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ жилээс хэрэглээнд нэвтрүүлсэн сайжруулсан шахмал түлшийг шуудайлах ажиллах хүч цөөн байгаагаас гэр хорооллын өрхүүдэд түлш удаан очдог тухай шүүмжлэл гарах болсон. Тиймээс ЗТХЯ-ны албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд агаарын бохирдлыг бууруулах үйлсэд гар бие оролцох зорилгоор дээрх төвд ажилласан юм.

Энэхүү ажилд тус яамны 80 гаруй ажилтан болон ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар оролцсон байна.