Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр уулзав.
Уулзалтаар цар тахлын үед БНХАУ-д ирэх гадаадын иргэдэд хятадын талаас олгож буй визийн ангилал, тавигдаж буй шаардлагын талаар санал солилцсон бөгөөд хоёр улсын хооронд хуваарьт нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан Хятадад суралцдаг манай улсын оюутнууд буцан ирж, танхимаар суралцахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Хятадын тал эхний ээлжинд Монгол Улс болон гадаадын зарим улсын оюутнуудыг үе шаттай ирүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаагаа мэдэгдээд энэ хүрээнд Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг, танхимаар суралцах зайлшгүй шаардлагатай нарийн мэргэжлийн, төгсөх ангийн оюутан байх зэрэг шалгуурыг тавьж, зохих ангиллын визийг олгосны үндсэн дээр хилээр нэвтрүүлэхээ мэдэгдэв.
Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар хятад иргэдтэй гэр бүл болсон манай улсын иргэд болон Хятадад богино хугацаагаар ирэх шаардлагатай иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон болно.
Сэтгэгдэл үлдээх