Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар намрын ургац хураалттай холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, ХХААХҮ-ны сайд З.Мэндсайхан: Энэ жил улсын хэмжээнд Нийтдээ 570,8 мянган га талбайд тариалалт хийгээд байна.
Тодруулбал, 368,4 мянган га талбайд улаан буудай 19,7 мянган га талбайд төмс, 10,9 мянган га талбайд хүнсний ногоо 51,2 мянган га талбайд малын тэжээл 110,6 мянган га талбайд тосны ургамал тариалсан. Наймдугаар сарын 20 гэхэд ургацын урьдчилсан хэмжээ гарна хэмээлээ. Мөн, өнгөрсөн жилийн хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 1 литр нь 3380 төгрөг байсан. Харин өнөөдрийн байдлаар 4030 төгрөг буюу 19,6 хувийн өсөлттэй байна. Газар тариалангийн ургац хураалт болон уринш хураалтад 20-25 мянган тонн түлш хэрэгтэй болдог бөгөөд засгийн газраас намрын ургац хураалт болон уриншийн бэлтгэл ажилд зориулж 10,000 тонн түлшийг хаврын тариалалтын үеийн дизель түлшний үнээр худалдаалахаар нөөц сангаас 6,6 тэрбум төгрөгийг гаргахаар болжээ. Иймд энэ татаасыг ургац хураалтын гүйцэтгэлээр нь олгохоор шийдвэрлэлээ гэв.
Сэтгэгдэл үлдээх