Хичээл сургуулийн бэлтгэл ажил эхэлсэнтэй холбогдуулан их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн эсэх асуудал нь оюутан суралцагч болоод эцэг эхчүүдийн хувьд чухал асуудал байдаг.
Хэдхэн хоногийн дараа их дээд сургуулиудын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Монголын Их дээд сургуулиудын консорциумын тэргүүн Т.Хэрүүгагаас төлбөрийн нэмэгдэл болон бусад мэдээллийг тодрууллаа.
-Энэ жилийн хувьд хэдэн оюутан шинээр их сургуульд элсэж байгаа вэ?
-Энэ жилийн хувьд бүх их дээд сургуулиудын хэмжээнд 18,000 гаруй оюутан шинээр элсэж байна.
-Их сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Ямар ямар их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн бэ. Улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг тогтвортой байлгах арга бий юу?
-Их дээд сургуулиуд 2021 оны 12 сард төсвөө батлуулдаг. 2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжээд явж байгаа. 2021 онд төсвөө батлуулсан ШУТИС, ХААИС болон бусад сургуулиудын төлбөр нэмэгдээгүй.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ их сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх зарчмыг баримталж ажиллана гэж Өнгөрсөн гуравдугаар сард буюу төсөв батлагдсаны дараа хэлсэн. БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланг хэлснээс хойш сургалтын төлбөр нэг ч төгрөг нэмэгдээгүй.
Их дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдэх эсэх асуудлыг тухайн сургуулийн удирдах зөвлөл шийддэг.
-Боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн их сургуулиуд дийлэнх хувийг эзэлдэг. Хувийн их дээд сургуулиудын хувьд бизнесийн зарчмаар явж байгаа юу?
-Хувийн их дээд сургуулиудын хувьд тодорхой мэдээлэл ирээгүй байна.
2022-2023 онд Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн өөрчлөгдсөн байдал:
ШУТИС-нэг кредитийн үнэлгээ
Өмнөх хичээлийн жилд нэг кредит цагийн үнэлгээ 79-90 мянган төгрөг байсан бол энэ жил курс, салбар сургууль харгалзахгүй 138 мянган төгрөг болж өсжээ. Энэ нь нэг кредитийн 59 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин 2019-2021 онд элссэн оюутнууд 105,056 төгрөгөөр нэг кредитийг тооцож төлөх юм байна.
МУИС-нэг кредитийн үнэлгээ
-МУИС-ийн нэг кредитийн үнэлгээ ерөнхий суурь хичээл 98,600 төгрөг. Харин мэргэжлийн суурь болон бусад хичээлийн төлбөр 100,700-120,800 төгрөгийн хооронд байна.
СЭЗИС/санхүү эдийн засгийн их сургууль/-нэг кредитийн үнэлгээ
СЭЗИС-д суралцдаг оюутнууд 4 жилийн хугацаанд сонгосон мэргэжлээсээ хамаарч 126-132 кредит хичээл үздэг. Өнгөрсөн хичээлийн жилд нэг кредит хичээлийн сургалтын төлбөр 163 мянга байсан бол 2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн үндсэн болон хамтарсан хөтөлбөрүүдийн нэг кредит хичээлийн төлбөр 185 мянган төгрөг болсон байна. Энэ нь 12 хувиар өссөн үзүүлэлт юм.
АШУҮИС- нэг кредитийн үнэлгээ
-Тус сургуулийн нэг кредитийн үнэлгээ хамгийн бага нь уламжлалт анагаах ухааны 40700 төгрөг бол эмзүйч, хүний их эмч, шүдний эмч зэрэг бусад мэргэжлүүд хамгийн өндөр 117610 төгрөг байна. Сургуулийн хэмжээнд хөтөлбөрөөс хамааран 1.5-4.1 сая төгрөгийн төлбөртэй байгаа аж.
МУБИС-нэг кредитийн үнэлгээ
МУБИС нь салбар сургууль болон хичээлээсээ хамаарч нэг кредит цагийн төлбөр 78-96 мянган төгрөг байна. Мөн тус сургууль нь өмнөх жилийнхтэй ижил байгаа бөгөөд нэмэгдээгүй аж.
СУИС
СУИС-ийн сургалтын төлбөр ангиасаа хамаарч харилцан адилгүй байна. Дунджаар 4.5 сая төгрөг гэдгийг тус сургуулиас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх