Д.Монголхүүгийн цагдан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргажээ

Иргэн Д.Монголхүүд холбогдох Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж, түүнийг цагдан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих шийдвэр гаргажээ.

Д.Монголхүүг цагдан хорих ангиас авчирч шүүх хуралд оролцуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу суллаж байна. Түүний цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцно хэмээн шүүхийн эх сурвалж мэдээллээ.

Шүүхээс түүнийг 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцоод байгаа билээ.