УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН намаас өнөөдөр /2023.05.17/ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хамтарсан мэдээлэл хийлээ.
Зөвшилцлийн талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллаж, олон нийтийн саналыг сонссон. Үүний дагуу өчигдөр намын бүлгүүд хуралдаж, УИХ-д суудалтай намуудын төлөөлөл уулзан, зөвшилцсөний үндсэнд тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олон нийтийн саналыг сонсож, үзэл бодлыг тусгах зарчмыг баримталж байгаа. УИХ-ын гишүүдийг өнгөрсөн долоо хоногт тойрогт ажиллах үеэр иргэд холимог тогтолцоог байх боломжтой гэж дэмжсэн байна. Тиймээс иргэдийн саналд тулгуурлаж сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ мажоритар тогтолцоо буюу тойргийн төлөөллийг давуу байлгах ёстой гэдэгт намууд байр сууриа нэгтгэлээ.
Нөгөө талаас иргэдийн зүгээс гишүүдийн тоог 152 байлгахыг дэмжихгүй, тоог бууруулах ёстой гэдэг саналыг илэрхийсэн. Тиймээс намуудын төлөөлөл хэлэлцэж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох саналыг дэмжлээ. Ингэхдээ мажоритар буюу, тойргоос сонгогдох гишүүдийн тоо 76, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэрээр 50 гишүүнийг сонгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ .
Мөн Ардчилсан намын зүгээс холимог тогтолцоог 60:40 хувийн харьцаатай байлгах, ХҮН-аас 50:50 байх саналыг ярьж байгаа юм. Ингээд намуудын төлөөлөл парламентын зарчмаар ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр 60:40 хувийн харьцаатай байхыг дэмжих байдлаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлье гэдэгт гурван намын төлөөлөл санал нэгдлээ” гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцоо, Үндсэн хууль, тэр тусмаа парламентын тогтолцоо, гишүүдийн тоонд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн нь үнэн. Тэр тусмаа холимог тогтолцоо улс орны хөгжил дэвшилд тодорхой өөрчлөлтийг авчирах талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийн үед яригдсаар ирсэн. 2019 оны ҮХНӨ-өөр дутуу хийгдсэн зүйлүүд байгаа гэж үздэг. Энэ удаа Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, тооны харьцааг 60:40 байх, мажоритар тогтолцоог давуу байлгах шийдвэрийг гаргаж, бидэнд чиглэл өгсөн. Үүний дагуу УИХ дахь нам, бүлгийн удирдлагууд, УИХ-ын удирдлагууд, ажлын хэсгүүд хуралдаж, 126 гишүүнтэй байхаар санал нэгдэж байна.
Үндсэн хууль гэдэг нь зөвшилцлийн, харилцан ойлголцлын томоорхон баримт бичиг байдаг. Тиймээс бидний энэ удаагийн уулзалтын үр дүн ойлголцлын цэгт огтолцлоо гэж ойлгож байна. Нөгөө талаас 126 гэдэг тоонд шинжлэх ухааны томоохон үндэслэлүүд байгаа юм. Тухайлбал, 1992 онд Анхдугаар Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг 76 байхаар батлахад нэг гишүүнд 26 мянган сонгогч иргэн ногдож байлаа. Тэр үед Монгол Улс 2.050.000 иргэнтэй байсан юм.Энэ харьцаагаар бодсон ч 126 гишүүнтэй болох нь төлөөлөх зарчимд нийцнэ гэдэгт намын бүлгүүд санал нэгдлээ”гэв.
ХҮН-ын дарга Т.Дорханд “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудал нийгэмд хүлээлт үүсгэсэн. Өнгөрсөн хоёр жил энэ асуудлыг ярьж, иргэдэд мэдээлэл өгсөн. Эцэслэн шийдвэрлэх мөч ирж байна. Олон хэлэлцүүлэг, яриа хэлцэл болсон. Тухайлбал, өчигдөр улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай намуудын удирдлагууд удаан хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярилцлаа. Иргэдийн гаргаж байгаа саналуудыг авч үзвэл, УИХ-ын гишүүдийн тоог бууруулах асуудлы их ярьсан. Харин гишүүдийн тойрогтоо ажилласан үр дүнгээс нягтлаад үзвэл тогтолцооны асуудал буюу нэг тойрог болж бодлогын улс төрчдийг гаргаж ирэхийг дэмжиж байна. Харин гишүүдийн тоог 152 байх нь их байна гэх асуудлыг хөндөж байна. Үүнтэй холбоотой ХҮН-ын албан ёсны байр суурь бол УИХ-ын гишүүдийн тоо 152 болгох ёстой гэж үзэж байсан. Өөрөөр хэлбэл, судлаачдын байр суурьт үндэслээд шийдвэрээ гаргадаг байя гэж үзсэн. 2042 он гэхэд Монгол Улсын хүн ам 5 саяд хүрнэ.
Цаашид 2050, 2060 он гэхэд 10 саяд хүрэх тооцоо бий. Иймд, Үндсэн хуульдаа дахин, дахин “гар хүрээд” байх уу, эсвэл ирээдүйгээ харсан шийдвэр гаргах уу гэдэг байр суурьтай байсан. Тогтолцооны хувьд 50:50 хувь буюу пропорциональ нь 50 хувь, мажоритар нь 50 хувь байхаар асуудалд хандсан. Гэхдээ энэ бол парламентад суудалтай нэг намын байр суурь. Нэгэнт шийдвэр зөвшилцөж байгаад олонхоороо шийдвэрлэгддэг. Зөвшилцөл бол парламентад байх ёстой соёл гэж бид хүлээж авдаг. Тиймээс Ардчилсан намын 60:40 байна гэх бодлогын саналыг хүлээж авсан. Тооцоод үзвэл 126 гишүүнтэй байя. Үүний 50 хувь пропорциональ гэхээр 40 хувь нь болж байна. Иймд бид үүнийг хүндэтгэн үзэж хүлээж авч байна. Харин бид Сонгуулийн тухай хууль ярих үедээ Улаанбаатар хотын төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй юм гэдэг саналыг ХҮН илэрхийлж байна. Улаанбаатараас сонгогдсон нэг гишүүн 100 мянган хүнийг төлөөлж байгаа. Гэтэл орон нутгаас сонгогдсон гишүүн дунджаар 20-30 мянган хүнийг төлөөлж байна. Цаашлаад гадаад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн асуудал мөн яригдаж байгаа ч бүх асуудлыг Үндсэн хуульдаа тусгах боломжгүй юм.
Харин дээрх хоёр асуудал шийдэгдсэнээрээ Монгол Улс “том алхана” гэдэгт бид итгэлтэй байна. Нэг ч төгрөг зарцуулахгүйгээр тогтолцоогоо өөрчлөх, парламентын дархлаагаа бэхжүүлэх суурь асуудлууд бол дараагийн салбарын бодлого суурьших боломж бий болно. Үүнд эдийн засагчид, судлаачид санал нэгдэж байгаа” гэв.