УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох Засгийн газрын саналыг иргэдэд танилцуулахаар гишүүд өөрсдийн сонгогдсон тойргуудад долоо хоногын хугацаанд уулзалт хийсэн билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Иргэд 152 гишүүнтэй байхыг дэмжихгүй байна. Гэхдээ одоо байгаа 76 гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Ковидын уршгаар иргэдийн амжиргаа доройтсон. Тиймдээ ч бухимдалтай байна" гэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Иргэдийн хувьд 152 гишүүнтэй болохыг эрс эсэргүүцэж байна. Өнөөдөр үнийн өсөлт, иньфляци, амьдрал хүнд байхад энэ асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй гэж үзэж байна. Анхны хэлэлцүүлэг дээр эсэргүүцэж санал өгсөн хоёр гишүүний нэг учир иргэд дэмжиж хүлээж авч байна лээ. Би очсон газар болгон дээр санал авч явсан. Алтай суманд гэхэд 152 гишүүнтэй болох уу гэхэд дэмжээгүй, 126 гишүүнтэй болох уу гэхэд дэмжээгүй, 98 гишүүнтэй болох уу гэхэд байж болох юм гэж байгаа юм.
Ийм байдалтай байгаа үед ҮХНӨ-ийг иргэд дэмжихгүй байна. Би 3000 гаруй хүнтэй уулзахад 152 гэдэг тоог ганцхан хүн дэмжсэн" гэв.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Иргэд бухимдалтай байна. Иргэдийн амьдрал хүнд байна. 152 гэдэг тоог иргэд дэмжээгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Манай тойргийн иргэд 152-ыг дэмжихгүй байгаа. Мөн жагсаалтаар гэх нэрийн дор авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс ороод ирэх вий гэдэг санал хэлж байсан" гэлээ.