Л.Энх-Амгалан: Бүх мэдээлэл ил тод байгаа ч улстөржүүлж байгаад харамсаж байна

БШУ-ын сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн асуудлаар мэдээлэл хийлээ. /2023.05.19/

Тэрбээр, "МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5ш" ажиллагааны хүрээнд БЗС-ийн асуудлыг хамгийн түрүүнд олон нийтэд ил болгосон. Өнөөдрийн байдлаар 1.2 сая суралцагч зээл авч, үндсэндээ 3 хүн тутмын нэг зээл авсан гэсэн үг. Энэ өндөр тоо. Харин үүнээс 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд  суралцсан. 1997 оноос хойш 1 их наяд төгрөгийг зарцуулсан. 

Бүх мэдээлэл ил тод байгаа. Гэвч мэдээллийг улстөрийн зорилгоор улстөржүүлж байгаад харамсаж байна.

Иргэн О.Батнайрамдал иргэн хүнийхээ хувьд энэ мэдээллийг хийсэн гэж бодож байна.  Нялхсын өвчнөөр өвчилж улс төрд тодрох гэж худал мэдээлэл тараасан. Тэрээр өнөөдөр МАН-ын Нарийн бичгийн дарга гэсэн хариуцлагатай албан тушаал хашдаг. 

Түүний мэдээлж байгаагаар нийт олгогдсон зээлийн 99 хувь нь эргэн төлөгдөөгүй, 90 хувь нь эрх мэдэлтэн, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан гэдэг буруу ташаа мэдээлэл өглөө. Мөн зээлийн чөлөөлөлтүүдийг үе үеийн сайд нар хууль бусаар хийсэн гэж хэлсэн.  

Албан ёсны тоо баримтаар гадаадын их дээд сургуульд 2888 хүүхэд суралцаж, 220.8 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна. Эдгээр хүүхдүүдийн асуудлыг шүүхэд хандаж зээлээ төл гэдэг шаардлага тавина. Нийт 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэнэ.

Өнгөрсөн хугацаанд үе үеийн сайд нарын тушаал гаргаж явуулсан 2380 хүүхдийн тушаалыг ил болгож байна. Өнөөдөр БЗС дээр тавигдана" гэв.