Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.