Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж үгүй гэдэг. Үүнийг эрх баригч нам бүрэн утгаараа харуулж байгаа. Тэрний, энэний хүн гэдгээрээ бүхний ард сугараад үлдчихдэг хэсэг нөхөд бий.
Хамгийн сүүлд гэхэд л Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хариуцлага тооцохыг нийгмээрээ шаардаад, сөрөг хүчин АН шахаад ч хүчрэхгүй байна. Учир нь, Ерөнхийлөгчийн багын, цэргийн найз гэдгээрээ тэрбээр өнөөдрийг хүртэл албан тушаалтайгаа зууралдаж суугаа. Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Г.Сайханбаярыг огцруулах бүрэн эрх мэдэл нь байгаа ч хүлээтэй мэт хөдлөхгүй байгаа нь аанай л Ерөнхийлөгчид тал зассан хэрэг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн эрх мэдэл, амбийцаараа дотооддоо өрсөлдөн дор бүртээ фракцтай болсон гэх. Тухайлбал, Ерөнхий сайдад Д.Сумъяабазар, Х.Нямбаатараас гадна гаднаа дайсан мэт харагдавч үнэн чанартаа олон зүйлд ханцуйндаа гар барьдаг Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий гэлцэх. Харин Ерөнхийлөгчийн баруун, зүүн талд нь Ч.Хүрэлбаатар, Д.Амарбаясгалан нар голлон шадарлаж буй. Энэ мэтчилэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн тэмцэл сонгууль дөхөх тусам улам л эрчимжиж, удахгүй хагарч ил гарах нь тодорхой байна. Хамгийн сүүлд Б.Энхбаяр Ч.Хүрэлбаатар сайдыг мэргэшсэн хулгайчаар зарласан ч өнөөдрийг хүртэл хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Хэргийг мөрдөн шалгуулах бүрэн эрх нь түүнд байсаар атал нийгэмд зарлаж, сенсаац тарьчихаад хээвнэг сууна. Б.Энхбаяр сайд “Би энэ хүний сүүлд Сангийн сайдаар ажиллахдаа хэрэгжүүлсэн гадаадын зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Долоон төсөл хэрэгжүүлж, зээлд гарын үсэг зурсан байна. Нийт үнэ нь 439.6 сая ам.доллар. Энэ долоо дээр нь өөрийнх нь бүх тойрог хамаарагдсан байна.
Өөрийнх нь сонгогдсон тойрог сонгогчдоо хахуулдах хүрээнд энэ авсан зээлийг нь Монголын ард түмэн, ялангуяа татвар төлөгчид төлж байгаа. Энэ бүгд өөрийнх нь тойрогт хамрагдаж байгаа. Энэ мөнгө угаагаад байгаа юм уу. УИХ-аар юу оруулж ирж байна гэхээр энэ зээлүүдийг эргэн төлөлтийг нь шууд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй гэдгээр улсын төсөвт эргэн төлөгдөх нөхцөлтэй гэдгээр иргэд, ард түмэн төлж явдаг” гэх ноцтой баримтыг дэлгэсэн. Хамгийн гол нь Б.Энхбаяр сайд үүнийг ил гаргаснаараа юу хүлээгээд байгаа нь тодорхой бус. Өөрөө хөдлөхгүйгээр хэн нэгнийг өлгөөд аваасай гэж хүсээ юу. Эсвэл Ерөнхийлөгчийг харлуулах, ганхуулах гэж ойрын шадарладаг хүмүүсийг нэг нэгээр нь ийнхүү оролдохоор шийдэв үү.
Тэгээд ч МАН дээгүүрээ толхилцож, УИХ-ын сонгууль дөхөх тусам Мэргэшсэн хулгайч байтугайг гарган тавьж, улс төр буцлах нь тодорхой байна. Энэ нь үе үехэн Засгийн газар огцорно.
Дараагийн сайд нарын нэрс тодорлоо гэх мэдээлэл гарч байгаа нь Засгийг огцруулах ажиллагаа ил далд явааг нотлон харуулж байна. Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээлэлдээ “Л.Оюун-Эрдэнэ удахгүй огцорно. Тиймээс сонгууль болтол тэсээд хүлээж бай гэж шувууд нь шүүгч нартайгаа ярьж байгааг би мэдэж байгаа” хэмээж байсан. Ганц энэ удаад ч бус аль эртнээс Засгийг ганхуулах тухай үе үе сөхөж, дотоодод нь хагаралдуулж түншиж буй нь сөрөг хүчин бус дотоодын хагарал гэдэг нь тодорхой болсоор байгаа юм. Тиймдээ ч шинэ оноос өмнө Засгийг унагаж, дараагийн эрхмүүд хоолондоо орно. Энэ тохироо хэдийнэ эхэлсэн гэх бор шувуу нисээд эхэлжээ.