Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан улсын төрийн тэргүүнүүд 2001 онд байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. 2017 оны зургадугаар сард тус байгууллагад Энэтхэг, Пакистан улс гишүүнээр элсжээ. Өдгөө БНХАУ, ОХУ, Казахстан,,Таджикстан,Киргизстан,Узбекстан,Энэтхэг, болон Пакистан улсыг эгнээндээ нэгтгэж чаджээ.
2017 оны байдлаар ШХАБ-ын бүрэн эрхт найман гишүүн орон дэлхийн хүн амын тал, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлж байна. Учир нь, дээр дурьдсанчлан дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг, Хятад улсыг эгнээндээ нэгтгэсэнтэй холбоотой юм.
1996-1997 онд Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Киргизстан буюу “Шанхайн тав” цэргийн итгэлцлийг бэхжүүлж, хилийн бүс дэх цэргийн хүчийг харилцан багасгах тухай хэлэлцээр тус байгууллагын үндэс болжээ. Ингээд 2001 онд Узбекистан нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болсон байна. ШХАБ-д багтдаг улсын нийт талбай 34 сая кв. км буюу Евразийн нийт газар нутгийн 80 хувийг эзэлдэг.
ШХАБ-ын үйл ажиллагааны зорилго юу вэ
ШХАБ-ын гол зорилго нь алан хядах ажиллагаа, салан тусгаарлалт, хэт даврах үзэл, мансууруулах бодисны тээвэрлэлттэй тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухааны болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. ШХАБ НАТО шиг цэргийн эсвэл ARF /АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалт/ шиг аюулгүй байдлыг хангах нээлттэй зөвлөгөөн явуулдаг байгууллага биш бөгөөд гол зорилго нь гишүүн улсыг нэгтгэдэг өргөн уудам нутагт алан хядах ажиллагаа, салан тусгаарлалт, хэт даврах үзэл, мансууруулах бодисны тээвэрлэлттэй тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний түншлэл, шинжлэх ухааны болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм.
1996 оноос хойш эдгээр улс жил дараалан өөрсдийн хотод чуулга уулзалт зохион байгуулж ирсэн бөгөөд 2000 онд Тажикстаны Душанбе хотод болсон уулзалтын үеэр Шанхайн таван орон “хүмүүнлэгийн ажил, хүний эрхийг хамгаалах нэрийдлээр бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх, бүлгэмийн гишүүн орны үндэсний тусгаар тогтнол, хараат бус байдал, газар нутгийн бүрэн эрхт байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжих”-ээр тохирсон.
2007 онд ШХАБ 20 гаруй том хэмжээний төслийг тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны салбарт санаачилж, гишүүдийнхээ дунд аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, эдийн засаг, соёл, банкны салбарын асуудлаарх уулзалтыг тогтмол зохион байгуулсан юм. ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл нь тус байгууллагын шийдвэр гаргагч гол бүтэц юм. Уг зөвлөл нь ШХАБ-ын гишүүн орнуудынхаа нийслэл хотод жил бүр ээлжлэн зохион байгуулдаг уулзалтын үеэр хуралддаг бөгөөд үйл ажиллагаанд албан ёсоор хятад, орос хэлийг ашигладаг.
Монгол Улс анхны ажиглагч орон
· Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орон юм. Түүнээс арван жилийн дараа буюу 2014 онд Монгол Улс ажиглагчийн статусаас гишүүн орон болохыг хөрш хоёр орны тэргүүн нар дэмжихээ илэрхийлж байсан ч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс ажиглагчийн статустай байх нь хангалттай гэж үзсэн байдаг.
ШХАБ нь гишүүн улсынхаа буюу Төв Азийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд гол ач холбогдол өгч ажилладаг бөгөөд энэ бүсэд голлох аюул занал нь терроризм, салан тусгаарлах болон хэт үзэл. Гэхдээ сүүлийн үед тус байгууллагын гишүүн орнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн үйл ажиллагаа хурдацтайгаар идэвхжиж байгаа юм.
2004 оны зургаадугаар сарын 16,17-нд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Терроризмийн эсрэг бүс нутгийн бүтэц буюу RATS байгуулжээ. Тухайн баримт бичгийн хүрээнд 2006 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр ШХАБ хил дамнасан хар тамхины наймааны гэмт хэрэгтэй тэмцэх төлөвлөгөөгөө зарлан тунхагласан юм.
2001 онд байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны /ШХАБ/ байгууллагад Монгол Улс анхны ажиглагч орон болж, 2004 онд нэгдсэн байдаг. Өдийг хүртэл энэ байгууллагад хамгийн удаан ажиглагчаар яваа улс бол Монгол юм. Манай улсын дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элссэн байдаг.
ШХАБ-ыг байгуулсан эхний жилүүддээ нууцлаг, ойлгомжтой бус байсан ч өнөөдөр нэр нөлөө нь хэдийнэ нэмэгдэж чаджээ. Одоо ШХАБ-ын Бүрэн эрхт найман гишүүн орон дэлхийн хүн амын тал, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг, Евразийн газар нутгийн 80 хувийг бүрдүүлж байна.