ЭЕШ: Шалгуулагчид энэ жилээс гэрээний хуудасгүй болж, цахимаар шийднэ

2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Боловсролын үнэлгээний үнэлгээний төвийн захирал Э.Цэрэнцоодол: “2026 оны элсэлтийн шалгалтад нийт 49 014 шалгуулагч бүртгүүлсний 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй байна. Шалгуулагчид математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олноор сонгон шалгуулахаар бүртгүүлсэн байна.

Элсэлтийн шалгалт энэ сарын 25-ны өдөр түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ. Шалгуулагчид шалгалтын төвд ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авчрах шаардлагатай.

Энэ жилийн элсэлтийн шалгалтын онцлог гэвэл шалгуулагчид гэрээний хуудасгүй болсон. Гэрээний хуудас нь хяналтын системд ачаалал үүсгэдэг учраас энэ жилээс цахимаар шийдэж байгаа. Үүнээс гадна тусгай хэрэгцээт шалгуулагчдад зориулсан шинэ шалгалтын төв гаргаж, шаардлагатай зүйлсээр нь ханган ажиллахаар төлөвлөсөн.

Мөн энэ жил шалгуулагчдын гар утсыг хураахгүйгээр тусгай уутанд хийлгэж, сүлжээг нь хаах байдлаар технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна.

Шалгалтад улс даяар 55 төвд 3500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана. Бид Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн газартай хамтран элсэлтийн шалгалтын материалыг аюулгүй хүргэхээр ажиллаж байна. Мөн Тээврийн цагдаагийн албатай хамтран шалгалтын байрны ойр орчимд замын түгжрэл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх