АНУ болон бусад холбоотнууд Афганистан улсад явуулсан 20 жилийн цэргийн ажиллагаагаа энэ Даваа гаригт албан ёсоор өндөрлөж Кабулын нисэх буудлаас сүүлчийн цэргээ татсан билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс төрийн тавцанд олон шүүмж өрнөж байгаа ч Афганистан дахь цэргийн ажиллагааны хувьд АНУ-ын адил гашуун сургамж амссан ОХУ-ын төрийн тэргүүний мэдэгдэл хатуу агаад эрс шийдэмгий байв. Путин Оросын алс дорнод дахь боловсролын байгууллагийн өсвөр үеийнхэнд Лхагва гаригт тавьсан илтгэлийнхээ үеэр Афганистан дахь АНУ-ын дайныг “гамшиг” байсан гэж тодорхойлжээ.
Тэрбээр “АНУ-ын цэргүүд Афганистаны нутаг дэвсгэр дээр 20 жил байрлалаа. Энэ 20 жилийн хугацаанд тэнд амьдарч байсан хүмүүсийг соёл иргэншилд хөтлөх, амьдралын хэв маягийг нь өөрийн хэм хэмжээнд тохируулахыг хичээсэн. Гэвч эцсийн үр дүнд АНУ-ын хувьд цэргүүдийнхээ амь насыг хохироож, Афганистаны уугуул иргэд амьдралаа алдсан гамшигт он жилүүд болж өнгөрлөө. Бүгдийг хасахаар тооцохгүй ч эерэг үнэлгээ өгөхгүй” гэжээ. Путин энэхүү мэдэгдлээрээ АНУ-ын Афганистан дахь ажиллагаа ямар нэгэн сөрөг үр дагаварт хүргээгүй гэхэд эерэг үр дүн авчраагүй гэдгийг онцолсон аж.
Мөн уг мэдэгдлийнхээ үеэр аливаа улсад өөрийн хэм хэмжээг тулган хүлээлгэх оролдлого хэзээд бүтэлгүйтдэг болохыг Афганистанаар жишээ татан онцолжээ. Ийнхүү 2001 онд Афганистанд халдан довтолсны дараахан АНУ-ын түлхэн унагааж байсан Исламын зэвсэгт бүлэглэл өчигдөр Байдений засаг захиргааны уналтыг тэмдэглэн өнгөрүүлэв. ОХУ-ын түүхэнд ч мөн үүнтэй төстэй гашуун дурсамж байдгийг дурдах нь зүйтэй. Тухайн үеийн Зөвлөлт засаг 1979-1989 онуудад Афганистанд коммунист дэглэм тогтоох оролдлогыг хийж байсан ч бүтэлгүйтсэн юм. Путин тэрхүү мөргөлдөөний он жилүүдэд КГБ-ын залуу офицер байв.
Ийнхүү ЗХУ-ын цэргүүд 1989 онд Афганистаныг орхин явах үед тухайн үеийн зөвлөлтийн тэргүүн байсан Михаил Горбачев Афганистаны асуудлаар мөн мэдэгдэл хийснийг Путин иш татсан байна. Горбачев АНУ-ын Афганистан дахь дайныг "Анхнаасаа бүтэлгүйтсэн төсөл" гэж нэрлэсэн юм. Тэрбээр Оросын төрийн мэдлийн “RIA” агентлагт өгсөн ярилцлагадаа "Тэд бүтэлгүйтлээ эрт хүлээн зөвшөөрөх ёстой байсан. Гэхдээ одоо хамгийн чухал зүйл бол болсон явдлаас сургамж авч, үүнтэй төстэй алдааг давтахгүй байх явдал юм” гэжээ.
Сэтгэгдэл үлдээх