Америкийн биотехнологийн “Moderna” компани “COVID-19”-ийн вакцинаа зургаагаас доош насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ гаргана гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.
“Бид Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Европын Эмийн агентлаг болон бусад улс орнуудын эмийн хяналтын байгууллагад холбогдох хүсэлтээ “ойрын долоо хоногт” гаргана гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна. “Moderna” компани “mRNA-1273” вакцинаа зургаан сартайгаас хоёр настай, 2-6 настай хүүхдүүдэд туршсаныхаа дараа ийнхүү шийдвэрлэжээ.
Урьдчилсан шатны дүн шинжилгээгээр хоёр бүлгийн хүүхдүүдэд 25 микрограмм хоёр тун насанд хүрэгчдийнхтэй адил саармагжуулах эсрэг биетийн хүчтэй хариу урвал үзүүлсэн байна. Судалгаагаар вакцин зургаан сартайгаас хоёр настай хүүхдүүдэд 44 хувь, 2-6 настай хүүхдүүдэд 38 хувийн үр дүн үзүүлжээ. “Moderna”-гийн мэдээлснээр, эдгээр нь вакцины хоёр тунд хамрагдсан насанд хүрэгчдэд “омикрон” хувилбарын эсрэг вакцины үр дүн буурч байгаатай нийцсэн байна.
“Pfizer”, “Moderna”-гийн вакцинуудын үр дүн анх 95 хувь байсныг хүмүүс мэдэж байгаа, гэхдээ үүнийг халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарынхтай харьцуулах нь шударга бус гэж бодож байна гэж Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Амеш Адаля ярьжээ. Тэрбээр вакцин хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд ихээхэн ач холбогдолтой болохыг тодотгосон байна.
Ингэснээр “Moderna”-гийн вакцин нь АНУ-д таваас доош насны хүүхдүүдэд хэрэглэх анхны вакцины болж магадгүй байна. Тус улсад “Pfizer”, “BioNTech” компанийн вакциныг одоогоор 5-аас дээш насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. Энэхүү вакцинд 2-4 насны хүүхдүүдийг хамруулсан туршилтаар вакцин насанд хүрэгчдийнхээс сул дархлааны хариу урвал үзүүлсэн тул гурав дахь тунг туршихад хүрчээ. Туршилтын үр дүн ирэх дөрөвдүгээр сард гарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл үлдээх