Украины Ерөнхийлөгч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд үг хэлнэ гэдгээ мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мягмар гарагт үг хэлнэ гэдгээ мэдэгджээ. Украинд энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн хэргийг Киевийн засаг захиргаа нээлттэй мөрдөн шалгах хүсэлтэй байгааг илэрхийлснийхээ дараа тэрбээр ийнхүү хэлсэн байна.

Даваа гарагт В.Зеленский мэдэгдэхдээ, Оросын цэргүүдийг явсны дараа бөөнөөр оршуулсан булш, цогцоснууд олдсон Буча хотод наад зах нь 300 энгийн иргэн амиа алдсан гэдгийг тодотгоод, Бородянка болон бусад сууринд илүү олон иргэн амиа алдсан байж магадгүй хэмээн хэлсэн байна.

“Бид туйлын бүрэн гүйцэд, ил тод мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, үр дүнг нь олон улсын хамтын нийгэмлэгт мэдэгдэж, тайлбарлах хүсэлтэй байгааг миний бие онцлон хэлмээр байна” гэж В.Зеленский дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Харин даваа гарагт Кремлийн зүгээс Украины Буча хотод энгийн иргэд амиа алдсан хэрэгт холбоотой гэх мэдээллүүдийг эрс няцаагаад, энэ асуудлаарх Украины мэдэгдэлд ул суурьтай хандах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Оросын цэргүүд нийслэл Киев хотын гаднах суурингуудаас гарсны дараа тэдгээр газраас олон зуун хүний цогцос олдсонтой холбоотойгоор Оросын хүчний үйлдсэн байж болзошгүй гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа талаараа Украины эрх баригчид ням гарагт мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хувьд манай мэргэжилтнүүд дүрс бичлэгийг хуурамчаар үйлдсэн шинж тэмдгүүдийг илрүүлсэн гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Оросын дипломатчид "Буча дахь “Украины өдөөн хатгалга”" гэж Москва нэрлэж буй асуудлыг хэлэлцэхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан зохион байгуулах талаар хүчин чармайлт гаргах болно гэж Д.Песков хэлжээ.