ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Истанбулд болсон Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээнд итгэсэн хэвээр байна гэж Австрийн Канцлер Карл Нехаммер Москвад Оросын удирдагчтай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ. "ОХУ-ын Ерөнхийлөгч одоо ч гэсэн Истанбулын хэлэлцээнд итгэлтэй байна. Энэ хүрээнд тэрбээр Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийнэ" гэж тэрбээр хэллээ. Хэлэлцээний үйл явцыг цаашид дэмжих ёстой гэж Австрийн Засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэв.
Канцлерын хэлснээр, В.Путинтэй хийсэн түүний уулзалт таатай гэж тодорхойлох боломжгүй уур амьсгалд болсон байна. Гэсэн хэдий ч Москвад хийсэн айлчлал нь яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, Оросын талтай холбоо барих үүднээс чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.Нехаммерын мэдээлснээр, тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа талаар В.Путинд мэдэгдсэн ч "дорвитой хариу аваагүй байна". Австрийн Канцлер Карл Нехаммер даваа гарагт Москвад айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн юм. Түүний хэлснээр, хэлэлцээ маш ширүүн, нээлттэй болжээ. Уулзалт хаалттай болж, улстөрчид хэлмэрч, зөвлөхгүйгээр ганцаарчлан уулзсан байна. Карл Нехаммер хоёрдугаар сарын 24-нөөс хойш Москвад айлчилсан Европын орнуудын Засгийн газрын анхны тэргүүн болжээ.
Сэтгэгдэл үлдээх