Домогт Битлз хамтлагийн хамгийн сүүлчийн уран бүтээл болох “Now And Then” дуу олны хүртээл боллоо

Домогт Битлз хамтлагийн хамгийн сүүлчийн уран бүтээл болох “Now And Then” дуу олны хүртээл болж шүтэн бишрэгчдээ баярлууллаа. 1978 онд хамтлагийн ахлагч Жон Ленноны анх бичүүлж байсан энэ дууг бүтээхэд нийтдээ 45 жил зарцуулсан бөгөөд алдарт дөрвөлөөс өдгөө амьд сэрүүн байгаа хоёр гишүүн сүүлийн үеийн технологийг ашиглан дуусгажээ. Их Британийн BBC радио энэхүү шинэ дууг Лондоны цагаар пүрэв гаргийн 14:00 цагт анх удаа цацаж нийтийн хүртээл болголоо. Үүнээс гадна “Now And Then” сингл нь Spotify, Apple Music, Amazon Prime Music зэрэг стриминг үйлчилгээнүүдэд тавигдаад байна. Өнөөдрөөс эхлэн энэ дуу нь CD, пянз, тэр ч бүү хэл хуурцгаар худалдаанд гарахаас гадна, 11 дүгээр сарын 10-нд гарах Битлзийн "Улаан",  "Цэнхэр" цомгуудын шинэ хувилбарт орох ажээ. Дууны найруулгыг хийхдээ Жон Ленноны 1970-аад оны сүүлээр төгөлдөр хуур дээр тоглож байсан бичлэгт тулгуурлажээ. 1990-ээд оны дундуур Битлзийн гурван гишүүн “Аntology” төслийн хүрээнд энэ дуун дээр ажиллах гэж оролдсон боловч дуусгаж чадаагүй аж. Гэхдээ Жорж Харрисон дууны гитарын хэсгийг бичиж чадсан байна. Харин өнгөрсөн онд Пол Маккартни, Ринго Старр нар хуурцганд бичсэн чанар муутай уг бичлэгээс Жон Ленноны дуу хоолойг төгөлдөр хуурын эгшиг болон бусад бүх чимээ шуугианаас салгахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж, “Now And Then” -ийг бүтээж дуусгажээ.