Колумбын поп од Шакирагийн татвараас зайлсхийсэн хэргийн шүүх хурал өчигдөр Испанид болох товтой байсан ч Шакира энэ асуудлаар Испанийн эрх баригчидтай эцсийн мөчид тохиролцоонд хүрсэн тул шүүхийн маргаан өндөрлөсөн байна. Дуучин бүсгүй төлөөгүй татвараа бүрэн барагдуулахаас гадна нэмэлт торгууль төлөхийг зөвшөөрсөн тухай Барселон хотын прокурорын газар өчигдөр үдээс хойш мэдээлжээ. Тэрбээр татварын өрөө хүүтэй нь хамт нийт 17.5 сая евро ($19 сая), нэмээд 7.3 сая еврогийн ($8 сая) торгууль төлөхөөр болсон байна. Испанийн прокурорууд 2018 онд Шакираг 2012-2014 онд олсон орлогоосоо 14,5 сая евро буюу 13,9 сая ам.долларын татвар төлөөгүй гэж буруутгасан. Тэрбээр татвараас зайлсхийсэн нь нотлогдвол найман жилийн хорих ял, их хэмжээний торгууль төлөх юм. Энэ хэрэг нь Шакира 2012-14 онд хаана амьдарч байсантай холбоотой юм. Барселон хотын прокурорууд тэр дээрх хугацааны талаас илүү хувийг Испанид өнгөрүүлсэн бөгөөд албан ёсны оршин суух газар нь Багамын арлууд байсан ч тус улсад татвар төлөх ёстой байсан гэж үзэж байна. Шакира, бүтэн нэр нь Шакира Исабел Мебарак Риполл бөгөөд хөлбөмбөгчин Жерар Пикетэй болзож Испанитай холбогдож эхэлсэн. Хоёр хүүхэдтэй хосууд өмнө нь Барселонд хамт амьдардаг байсан ч өнгөрсөн жил салсан.