Давосын чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ

Дэлхийн эдийн засгийн чуулган Швейцарийн Давос хотноо “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор энэ сарын 15-19-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн чуулган Ойрхи Дорнодод үүсээд буй геополитикийн хурцадмал байдал, дэлхийн худалдааны асуудал хурцдаж байгаа үед болж байна. Үүний зэрэгцээ инфляц, эдийн засгийн өсөлт, Украины дайн, технологийн өөрчлөлт, дэлхийн хуваагдал зэрэг нь хэлэлцэх асуудлуудын жагсаалтад багтана. “Давос-2024”-т оролцох хамгийн жинтэй улс төрийн зүтгэлтнүүд нь Хятадын хоёр дахь өндөр албан тушаалтан болох Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар болж магадгүй бөгөөд тэдний хэн хэн нь илтгэл тавих юм. Макрон бол Давосыг зорьж буй “Долоогийн бүлэг”-ийн цорын ганц удирдагч бөгөөд өнгөрсөн жил тус бүлгээс Германы Канцлер Олаф Шольц ганцаараа оролцож байв. Амьжиргааны өртгийн хямрал үргэлжилж, дотооддоо шийдэх асуудал их байгаа энэ үед улстөрчид уг арга хэмжээнд оролцохоос болгоомжилж байна хэмээн зарим шинжээч үзэж байна. Жо Байдены хувьд АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш тус чуулганд нэг ч удаа оролцоогүй бол Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ч мөн оролцож байсан удаагүй юм. Гэхдээ энэ жил Испани, Бельги, Колумби, Ирак, Ливан, Ирланд, Кени, Нигери, Тайланд, Сингапур зэрэг олон орны удирдагчид, Сангийн сайд нар оролцох гэж байна.