БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлагаас амиа алдсан онцгой байдлын гурван албан хаагчид эмгэнэл илэрхийлжээ. Тэд "Монгол Улсад гарсан гал түймэр, ослын улмаас бидний хамтран зүтгэгч ахан дүүс амь насаа алдаж, иргэд хохирсон осол болж, Монгол Улсын өмнө нөхөж баршгүй гарз хохирол тохиолоо. Түймрийн голомтод ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Бидний хажуугаас холдон одсон Монгол Улсын гал сөнөөгчдийн баатарлаг үйлсийг БНСУ-ын гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт хамт олон үеийн үед дурсан санах болно. Ум сайн амгалан байх болтугай гэжээ.