Хятадын хойд болон төв хэсэгт их хэмжээний цас орсны улмаас сургуулиуд цахимаар хичээллэхэд хүрчээ. Лхагва гарагт Хэбэй мужид байрлах нэгэн супермаркетийн дээвэр нурж нэг хүн амиа алдсан тухай CCTV мэдээлсэн байна. Түүнчлэн цасны улмаас дотоодын нислэгүүд, хот хоорондын галт тэрэгнүүд цуцлагдсан байна. 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан нийслэл Бээжин хотод нэг шөнийн дотор таван сантиметр (2 инч) цас орсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын баруун хэсэгт цаг агаар хүйтэрч, цасан болон элсээр шуурч, зам даваа хаагдаж, олон хоног үргэлжилсэн сар шинийн баяраа дуусгаад буцаж буй хүмүүс харьж чадахгүйд хүрчээ. Хөрш зэргэлдээх Монгол Улсад өвөлжилт хүндэрч 650 мянга гаруй мал хорогдсон тухай Хятадын Синьхуа агентлаг Монголын онцгой байдлын агентлагаас иш татан энэ долоо хоногийн эхээр мөн мэдээлэв. Энэ өвөл зүүн хойд Азийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүйтэрч байна. Энэ сарын эхээр БНХАУ-д их хэмжээний цас орсны улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатаж, 100 гаруй нислэг цуцлагдсан.