“1984” жүжиг тоглогдоно

“Офрей” театрын ээлжит шинэ уран бүтээл болох Жорж Оруэллийн романаас сэдэвлэн бүтээсэн “1984” жүжиг энэ сарын 21-ний өдрөөс орой бүр “Улаанбаатар” зочид буудлын их танхимын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Английн зохиолч Жорж Оруэллийн энэхүү зохиол нь анх 1949 онд хэвлэгдсэн. Уг номын зохиолын үйл явдал 1984 онд өрнөх дэлхийн улс орон Далайн гүрэн, Дорнод Азийн гүрэн, Евразийн гүрэн гэж гурав хуваагдан хоорондоо байнгын дайн тулаантай байх үеийг дүрсэлдэг. Ард иргэдийн үг үйлдлийг цаг ямагт хянаж байхын тулд гэр сууц, гудамж талбайн булан тохой бүрд хяналтын камер байршуулсан байдаг. Хэн ч намын бодлогыг эсэргүүцэх эрхгүй бөгөөд нэг л сэжигтэй үг үйлдэл ажиглагдвал хатуу цээрлэл хүлээнэ. Хэн ч энэ системийг зөв эсэхийг бодож үзэлгүй, ийм л байх ёстой мэтээр эвлэрч амьдардаг тухай өгүүлдэг.

Тус бүтээлийн найруулгийг М.Батболд, зохиолыг Я.Баяраа бичиж продюсераар Т.Ариунчимэг нар хамтран ажиллажээ. Жүжгийн гол дүр буюу Уинстон Смитийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ тоглохоор болжээ. 

У.Цогжавхлан