Мягмар гарагаас эхлэн Хятадын хойд хэсгийн өргөн уудам нутагт хүйтний эрч чангарч эхэлсэн элсэн шуурганы улмаас Хойд Хятадын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт хичээл, үйлдвэрлэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан бол Бээжингийн сургуулиудын гадаах спортын үйл ажиллагааг зогсоосон байна. Бээжин, Тяньжин, Хэбэй муж, ӨМӨЗО зэрэг 13 мужийг шороон шуурга дайрах төлөвтэй байна. Лхагва гарагийн өглөө Хятадын Үндэсний цаг уурын төвөөс элсэн шуурганы сэрэмжлүүлэг гаргаж, хүйтэн жавар, хүчтэй салхины нөлөөгөөр Хятадын олон газар элс болон шороогоор шуурахыг анхаарууллаа. Энэ нь энэ оны эхнээс хойш Хятадад нөлөөлж буй гурав дахь удаагийн шороон шуурга бөгөөд энэ хаврын анхны шороон болон элсэн шуурга нь Хятадад хил дамнан дамжих замаар тархсан гэж “Weather China” цахим хуудсанд мэдээлжээ. Бээжингийн цаг уурын алба мөн өнгөрсөн лхагва гарагаас эхлэн салхи, элсэн шуургатай байхыг анхааруулжээ. Салхи, элсэн шуургатай холбогдуулан Бээжин хотод гадаа цугларалт хийх, гадаа спортын үйл ажиллагаа явуулахыг түр зогсоож, орон нутгийн сурагч, багш нарт гадаа үйл ажиллагаа явуулахыг аль болох багасгахыг зөвлөжээ. Өвөрмонголын Шилийн голын Сонидын баруун хошуунд элсэн шуурганы хамгийн дээд түвшин болох улаан дохиог орон нутгийн цаг уурын байгууллагаас өглөөний лхагва гарагийн 11:51 цагт өгч, цаг агаарын эрс тэс уур амьсгалын эсрэг арга хэмжээ авахыг нутгийн иргэдийг уриалав. Орон нутгийн засаг захиргаа хичээл, үйлдвэрлэл, тээвэрлэлтийг түр зогсоох зэрэг яаралтай арга хэмжээ авчээ. Хүйтэн салхины нөлөөгөөр Шаньдун, Хэнань, Анхуй, Жянсу, Хубэй зэрэг зарим газраар лхагва гарагийн оройноос пүрэв гарагийн өглөө хүртэл өтгөн манан татаж, үзэгдэх орчин 200 метрээр хязгаарлагджээ.