Нар сарны хиртэх үзэгдэл нь Нар, Сар, Дэлхийн хөдөлгөөн буюу тэдгээрийн харилцан байршилтай холбоотой үзэгдэл юм. Дэлхий ба Саран дээр Нарны гэрэл тусахад тэдгээрээс конус хэлбэрийн бүтэн ба хагас сүүдэр үүсдэг. Нарны хиртэлт нь ихэвчлэн 2-3 минут үргэлжилдэг ба хамгийн удаан нь долоон минутаас хэтэрдэггүй. Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ний даваа гарагт нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож байна. Гэвч харамсалтай нь уг үйл явдал Монгол улсын газар зүйн байрлалд харагдахгүй бөгөөд Хойд Америкт ажиглагдана гэдгийг BBC мэдээлжээ. Хиртэлтийн гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрнө. Бүтэн хиртэлтийн хамгийн удаан үргэлжлэх хугацаа нь 4 минут 28 секунд байх болно. Харин дараагийн бүтэн хиртэлт 2026 онд болох бөгөөд Атлантын далайд илүү тод ажиглагдах ажээ.