Украины нисгэгчгүй онгоцны дайралтаас болж хомсдол үүсэж байгаатай холбоотойгоор шатахуун нийлүүлтээ гүйцэхгүй тасалдсан тохиолдолд 100 мянган тонн бензин нийлүүлэхэд бэлэн байхыг ОХУ Казахтанаас хүссэн талаар гурван эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ. Орос, Казахстаны эрчим хүчний яамнаас тайлбар авах хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна. Хөрш Беларусь улс Орост бензин нийлүүлэхээр тохиролцсон байна. Одоогоор эрх баригчид дотоодын шатахууны зах зээлийн нөхцөл байдал тогтвортой, нөөц хангалттай их байна гэж мэдэгдээд байна. Орос шатахууны олон улсын нийлүүлэгч байдаг ч боловсруулах үйлдвэрийн тасалдал нь газрын тосны компаниудыг импортлоход хүргээд байна. Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоо, тэр дундаа Казахстан, Монгол зэрэг зарим улс орнуудад хамаарахгүй ч шатахууны хурц хомсдолоос урьдчилан сэргийлэхийн тулд Москва гуравдугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаагаар бензин экспортлох хориг тавьсан. Гэсэн хэдий ч Орост нөхцөл байдал хүндэрвэл хоригийг өргөжүүлэх боломжтой гэж худалдаачид мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт Уралын Орскийн газрын тос боловсруулах үйлдвэр их хэмжээний үерийн улмаас үйлдвэрлэлээ зогсоосон. Дэлхийд далайд гарцгүй хамгийн том улс болох Казахстан ч шатахууны экспортоо он дуустал хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Казахстанд дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар Аи-92 бензиний нөөц 307,700 тонн, Аи-95 бензиний нөөц 58,000 тонн байна. Дизель түлшний нөөц 435,300 тонн, онгоцны түлшний нөөц 101,000 тонн байна.