Маори үндэстний онцлог болсон нүүрний шивээстэй эмэгтэй хөтлөгчийг телевизийн эфирт гарахыг албан ёсоор зөвшөөрсөн. Шинэ Зеландын Үндэсний телевизийн мэдээллийн гол хөтөлбөрийг нүүрэндээ шивээстэй сэтгүүлч хөтлөхөөр болсон нь түүхэнд бичигдэж үлдэхээр онцгой тохиолдол болж байгаа юм. Орини Кайпара бол Маори үндэстэн эмэгтэй бөгөөд эрүүндээ уламжлалт шивээстэй. Тэрээр Шинэ Зеландын III сувгийн 18:00 цагийн "Newshub" мэдээллийн хөтөлбөрийг хөтлөхөөр болсон нь Маори үндэстний бахархал болж байна.
Өнөөгийн Шинэ Зеландын уугуул иргэд болох Маоричуудын уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн эрүүний шивээсийг моко кауаэ гэж нэрлэдэг бол эрчүүдийн хувьд нүүрний ихэнх хэсгийг бүрхсэн шивээс хийж матаора хэмээн нэрлэдэг. Орини Кайпара 2019 оны 1-р сард "моко"-гоо хийлгэсэн бөгөөд энэ нь түүнд Маори эмэгтэйн хүч чадал, мөн чанарыг сануулах үүднээс гаргасан “хувийн шийдвэр” байсан гэдгээ онцолсон байна. Кайпара CNN-д моко кауаэ-гаа "Би өөртөө эргэлзсэн үедээ толинд хараад зөвхөн өөрийгөө биш эмээгээ, ээжийгээ, миний охид, түүний хүүхдүүдийг, мөн бусад бүх эмэгтэйчүүд, маори охидыг олж хардаг.
Энэ нь миний сэтгэлийг өргөж, намайг хүчирхэгжүүлдэг” гэж тайлбарлажээ. 2005 онд ажлын гараагаа эхэлсэн Кайпара сэтгүүлчийн мөрөөдлийн "оргил цэг"-тээ хүрч хүссэнээрээ телевизийн оргил цагийн мэдээллийн хөтөлбөрийг хөтлөхөөр болсон ч ээждээ үүнийгээ харуулж чадаагүйдээ харамсаж буй аж. Кайпарагийн хувьд маори хэл маш чухал. Түүний эцсийн зорилго бол хүмүүсийг "Маори хэлээр ярьж, тэдний соёл уламжлалыг ойлгож танихад" туслах гэнэ.Кайпара CNN-ийн сэтгүүлчид "Манай ард түмэн, бидний өвөг дээдэс, манай типуна одоо бидний байгаа хэмжээнд хүрэхийн тулд маш их хичээсэн, зүтгэсэн. Залуу эмэгтэй, залуу маори хүний хувьд таны өнөөдөр хийж байгаа зүйл маргааш болох зүйлд нөлөөлнө. Тиймээс би тэднээс Маори байхын гоо үзэсгэлэнг олж харж, үүнийг хүлээн зөвшөөрч, үүний төлөө чадах бүхнээ хийхийг хүсч байна” гэдгийг онцолсон байна.