Ираны Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтныг тээвэрлэж явсан нисдэг тэрэг осолджээ

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раисигийн осолдсон нисдэг тэргийг эрэн хайх, аврах багийнхан олж илрүүлсэн бөгөөд тэд ослын газар руу явж байгаа тухай тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн /IRCS/ ерөнхийлөгч мэдэгдлээ. 

Даваа гаргийн өглөө тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Пир-Хоссейн Куливанд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч нөхцөл байдал хүнд байна гэж хэлжээ. Өмнө нь Улаан хавирган сар нийгэмлэгийн Онцгой байдлын газраас мэдэгдэхдээ, Туркийн нисгэгчгүй онгоцоор илрүүлсэн хоёр цэг рүү аврах багийнхан явж байна гэсэн юм. Туркийн Акинжи нэртэй нисгэгчгүй онгоц нь нисдэг тэрэгний унасан газар байж болзошгүй, дулаан ихээр ялгарч буй цэгийг илрүүлсний дараа Улаан хавирган сар нийгэмлэгийн аврах баг нисдэг тэрэг буух боломжтой газар руу явж байна гэж уг мэдэгдэлд дурджээ. Ираны Хувьсгалт гвардын корпусын нэгэн командлагчийн ярьснаардулааны эх үүсвэр илэрсэн нь нисдэг тэрэгний сэг байж болзошгүй гэдгийг баталж байна. Ерөнхийлөгч И.Раисиг тээвэрлэж явсан нисдэг тэрэгний байршлын солбицлыг агаараас ажиглалт хийж тогтоосон байна. Цаг агаарын таагүй нөхцөл байдлыг үл харгалзан аврагчид тус улсын баруун хойд нутагт осолдсон нисдэг тэрэгний байршлыг тогтоохоор ажиллаж байгаа юм. Тухайлбал, аврах багийнхан, түүний дотор зэвсэгт хүчнийхэн манантай, бороотой байгааг үл харгалзан Зүүн Азарбайжан мужийн Варзикан хотын ойролцоох чулуу ихтэй болон уулархаг бүсийг самнаж байна. Өмнө нь Ираны Улаан хавирган сар нийгэмлэг ослын байршлыг тогтооход туслахын тулд илүү олон баг илгээсэн гэж мэдэгдсэн юмТодруулбал, Зүүн Азарбайжан, Техран, Альборз, Ардабил, Занжан, Баруун Азарбайжан зэрэг мужуудаас 46 шуурхай багийг эрэн хайх, аврах ажиллагаанд дайчилжээ.

 

Ерөнхийлөгч И.Раиси Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян болон бусад хэд хэдэн хүний ​​хамт Азербайжантай залгаа Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцоод буцах үеэр нисдэг тэрэг нь осолдсон юм.