ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд байлдахаар бүртгүүлсэн хүмүүсийн бараг 100,000 ам.долларын төлөгдөөгүй өрийг тэглэх тухай хуульд гарын үсэг зурсан талаар тус улсын Засгийн газар мэдэгджээ.
Орос бараг гурван жил үргэлжилсэн мөргөлдөөнд цэрэг элсүүлэх шинэ арга замыг эрэлхийлж байгаа тул энэ алхам нь шинээр армид элсэх хүмүүст хүчтэй түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Шинэ хууль тогтоомж нь ирэх сарын 1-ээс хойш Украинд байлдах нэг жилийн гэрээ байгуулсан хүмүүст хамаатай аж. ОХУ-ын эрх баригчид энэ сарын эхээр уг хуулийн төслийг баталсан. ОХУ-д зээлийн хүү маш өндөр байдаг бөгөөд ихэнх оросууд бараг бэлэн мөнгөний хадгаламжгүй байдаг аж.
Улс төр судлаач Георгий Бовт “Telegram” дээр “Хууль тогтоомж нь наад зах нь хэдэн зуун мянган хүний хувьд дааж давшгүй зээлийн дарамтаас ангижрах өөр нэг арга зам" гэжээ. ОХУ-ын 13 сая гаруй иргэн гурав болон түүнээс дээш зээлтэй гэж Төв банкны өнгөрсөн сард гаргасан эхний хоёр улирлын тайланд дурджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Гурав ба түүнээс дээш зээлтэй хүмүүсийн дундаж өр 1.4 сая рубль (одоогийн ханшаар 13,400 доллар) байна.