Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг прокурорууд үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр ням гарагт яллагдагчаар татжээ.

Ингэснээр Юн Сог Ёль Өмнөд Солонгосын түүхэнд яллагдагчаар татагдсан анхны Ерөнхийлөгч болж байна. Юн Сог Ёлийг өнгөрсөн сарын 3-нд онц байдал тогтоосонтой нь холбогдуулан Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар /CIO/ нэгдүгээр сарын 15-нд баривчлан саатуулсан бөгөөд саатуулагдах хугацаа нь дуусахаас нэг хоногийн өмнө яллагдагчаар татах шийдвэр гаргажээ

Түүнийг нэгдүгээр сарын 19-нд албан ёсоор баривчилсан байна. Юн Сог Ёлийг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан CIO  яллах хууль ёсны эрхгүй тул өнгөрсөн долоо хоногт хэргийг прокурорт шилжүүлсэн юм. Улмаар ням гаргийн өглөө улс орны өнцөг булан бүрээс ахлах прокурорууд Юн Сог Ёлийн хэргийн талаарх шийдвэрийг хэлэлцэхээр цугларчээ. Ингэхдээ түүнээс байцаалт авахгүй байх нөхцөлийг харгалзан үзсэн байна. Прокурорууд Юн Сог Ёлиос байцаалт авахын тулд цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргасан боловч бямба гарагт Сөүлийн шүүх түүнийг хорих хугацааг сунгах хүсэлтэд хоёр дахь удаагаа татгалзсан хариу өгсөн байна. Хуульд заасны дагуу сэжигтнийг цагдан хорих хугацаанд яллагдагчаар татахгүй бол суллах ёстой.