УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан бөгөөд энэ талаараа мэдээлэл хийлээ. Тэд дараах гурван асуудлыг хэлэлцэж, эдгээр нь авлигыг гааруулах эрсдэлтэй байгаа талаар мэдээлэв.Тодруулбал,
1. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хууль.
2. ЭТТ ХК-д БЭТ томилж буй асуудал.
3. Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн бүх компани зөвхөн биржээр худалдаа явуулна гэдэг үзэл санаа яваа. Гэтэл энэ хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл бол биржийн бус арилжаа явуулж болно гэж заасан байна. Авлига гаарах нөхцөлийг яагаад ингэж өөгшүүлж байна вэ. Тэнд БЭТ томилоод, энд биржийн хуулийг өөрчлөөд байхаар шууд худалдан авалтын гэрээ гарна шүү дээ. Магадгүй энэ нь ирэх 2024 оны сонгуульд бэлтгэж буй хэрэг юм биш биз. Дараа, дараагийн асуудалд бид завсарлага авах зэргээр байр сууриа илэрхийлээд явна" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн мягмар гарагт Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдсан. Хоёр, гуравхан өгүүлбэр хэлээд Б.Жавхлан сайд гараад явсан. Өнөөдрийн Засгийн газар эхлээд зарлагаа зурж байна. Дараа нь орлогоо зурж байна. 2021 онд 14 их наядын зардалтай байсан бол өнөөдөр 27.4 их наяд болж нэг дахин нэмэгдсэн байна.
Гэтэл 2020 оны сонгуульд иргэдийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй атал дарга нарын орлого хоёр дахин нэмэгдлээ. Энэ оны төсөвт 241 төсөл, арга хэмжээг царцаавал 927 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Дэд хороон дээр гаргасан байгаа. Дээр нь урсгал зардал замбараагүй нэмэгдсэн. Учир утгагүй, хаа сайгүй хурал зөвлөгөөн хийж байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх