УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төслөөр бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж буй. Бага насны хүүхдийн амийг хөнөөсөн бол 12-25 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг заалтыг хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцож, дахин зөрчил гаргавал ялыг хүндрүүлэх талаарх заалтыг хуульд оруулсан байна.