Засгийн газрын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын хэлэлцэх, эсэх босгыг ч давж чадалгүй уналаа. Гишүүдийн хамгийн ихээр эсэргүүцэж буй заалт нь 100 мянган ам.долларын босгыг үгүй хийсэн явдал байлаа. Хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр шаардлага гардуулсан. Тэрбээр “Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан гадаад хөрөнгө оруулагчдад тавих 100 мянган ам.долларын босгыг байхгүй болгож байгаа нь хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн Монголд орж ирээд Монголын газар нутагт газар эзэмшээд мөн гэр бүлээрээ оршин суух нөхцөл бий болгосон цоорхойтой хууль болох нь" гэсэн юм.
Манай улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг 1993 онд баталсан бөгөөд тус хуульд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулж, нэг удаад 40 жилээр сунгаж болно заасан байсан. Мөн өнөөдрийн маргаан үүсгээд байгаа 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх шаардлагыг анхны хуульд тусгасныг Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьсан шинэчилсэн найруулгын төсөлд авч хаясан билээ. Тиймээс нэг сая төгрөгийн хөрөнгө оруулсан ч Монгол Улсын газрыг 60 жилээр эзэмшиж, нэг удаа сунгаж болох учраас зарим улстөрч дээрх хуулийн төслийг илтэд эсэргүүцэж байгаа аж.
Гаднын хөрөнгө оруулалт Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй. Харин манайд гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж ирсэн. Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Манай хуулийн байгууллагын зарим хүн нийлж байгаад гадныхны бизнесийг булаадаг, хуулиар шаардах ёсгүй зүйлсийг нэхдэг, шаарддаг. Зарим нь лицензийг хүчингүй болгуулж, өөрсдөө авдаг. Гэрийнх нь энд тэнд хар тамхи аваачиж нуучихаад илрүүлээд хөөж гаргадаг. Хөрөнгийг нь дээрэмддэг үзэгдэл гараад байгаа учраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм” гэсэн юм.
Уг хуулийн төслөөр УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа өнөөдөр дуусна. Гэвч намрын чуулган энэ долоо хоногт завсарлах тул хуулийн төслийг энэ парламент бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэж амжихгүй нь тодорхой байна.