Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц болон албаны бусад хүн угтан авав.
Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөвдэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.