Г:Занданшатар: Гурилын үнийг үндэслэлгүйгээр нэмсэн ААН-ийг цагдаад өгч шалгуул!

УИХ-аар гурилыг "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцсэн ба энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн  юм.  Тухайлбал, хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар "Тариаланчдыг, ард иргэдтэй нь шулж байгааг гэмт хэрэг гэж үзнэ. Цагдаад өгч шалгуул. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд  торгууль тавьж, ард түмэнд зарлан мэдээлэх хэрэгтэй" гэлээ. Харин  УИХ-ын гишүүн Д.Ганбат "Иргэдэд олддоггүй зээлийг та нар олгодог л юм байна. Гурилын үйлдвэрийн эзэд чинь нэр дэвших гээд явж байна билээ" хэмээсэн бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Танай намаас л энд тэнд нэр дэвшээд байгаа гэсэн. "Милл Хаус"-ыг Х.Баттулгын харьяаны компани гэж хэвлэлээр гардаг. Өөр мэдээлэл алга байна" гэх  тайлбар өглөө. Түүнчлэн  "Гурилын импортын татварыг тэглэснээр 2600-3000 төгрөгийн үнэтэй байгаа нэгдүгээр гурилыг 1600 төгрөгөөр зарах боломж бүрдэнэ" гэсэн юм.