Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай нүүлгэх, бүсчилсэн бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг ч мөн нүүлгэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Төрийн ордон болон төрийн захиргааны зарим байгууллагын байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын ам руу нүүлгэхээр судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан байна. Энэхүү ажлыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар даалгалаа. Тэгээд ч Төрийн ордон газар хөдлөлтөд эн тэргүүнд нурах эрсдэлтэй тул акт тавьсан талаар холбогдох албаныхан мэдэгддэг.