УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээний асуудал буюу "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэхүү хуралдааны үеэр "Бадрах энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний зарим зүйл заалтын талаар Ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг орон нутгийг дэмжих, хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглүүлж тодорхой тусгасан. Цалин хөлсийг хүний нөөцийн шударга байдлаар авахгүй бол гаднаас ирсэн хүмүүс өндөр, дотоодынх нь бага цалинтай гэх тэгш бус байдал үйлчлээд байдаг. Ураны төслийн хугацаанд 1600 хүнээс 17 нь гадны ажилчид байна. Мөн 1.7 тэрбум ам.долларын худалдан авалтыг ханган нийлүүлэлтээс авах тооцоолол гарсан.
Орон нутагт төслийн нийт хугацаанд татвар хураамж, ус болон газрын төлбөрт 1 тэрбум ам.долларын орлого бүрдэхээр санхүүгийн тооцоолол хийсэн. Ураны төслийн гэрээний хэлэлцээрийн явцад ажилчдын дундаж цалингийн хэмжээг 7-12 сая төгрөг байхаар ярилцсан" хэмээжээ.