Х.Баттулгын "хариуцлага" хаягдаад үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнгөрөгч баасан гарагт гарын үсэг зурлаа.

Ийнхүү энэ төсөл 10 гаруй жилийн "гацаа"-ны дараа хөдөлж байна. Тус төмөр замыг гацааснаас үүдэж Монгол Улс 63.2 их наяд төгрөгийн боломжоо алдсан бөгөөд БНХАУ-ын алдагдсан боломжийн ачааг ч мөн үүрэх "өртэй" болсон.

Гэтэл тухайн үед төмөр замыг "гацаасан" Зам, тээврийн сайд асан Х.Баттулгад тооцох хариуцлага яригдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Х.Баттулга өргөн цариг гээд Зам, тээврийн сайд байхдаа 15, 16 жил төмөр замаа гацаагаад маш их хэмжээний боломжийг алдаад, гадаад харилцааны хувьд ч тэр, эдийн засгийн хувьд ч тэр олон улсад онигоо болсон" хэмээн хоёр жилийн өмнө ярьж байсан ч одоо энэ асуудлыг талаар "а" гэж амаа нээхгүй байгаа нь олны гайхширлыг төрүүлээд байна. Засгийн газрын гишүүд нь хүртэл "Бид гацаасан талаар одоо ярихгүй" гэх мэтээр Х.Баттулгын асуудлыг ярихаас булзааруулж байгаа нь нууц биш. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч гэсэн алдагдсан боломжийн хариуцлага ярьсан гишүүдийг "Энэ талаар хууль хяналтын байгууллага нь шалгах нь зөв. Бид ярих нь зохимжгүй" гэх мэтээр энэ асуудалд ханджээ.


Бид БНХАУ-ын алдагдсан боломжийн "хариу"-г Таван толгойн Онч хараа, Бор тээг гэсэн хоёр аманд олборлолт хийх тендерт Хятад компанийг “ялуулж”, 16 жилийн хугацаанд 247 сая тонн нүүрс олборлохыг зөвшөөрч төлж болзошгүй энэ нөхцөл байдлын хариуцлагыг ч мөн хэн нэгэн хүлээх нь зүй ёсны хэрэг. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга "Өнөөдрөөс эхлэн төмөр замын цариг гэж ярихгүй шүү" хэмээн ярьж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуд нь "Тийм, тийм" хэмээн дэмжиж сууна.