Баялгийн сангийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээр ямар үр өгөөжтэй вэ.
Баялгийн санг зөв байгуулж, үр ашигтай ажиллуулж чадвал цаг хугацааг нөхөх боломжтой аж. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг анх үүсгэн байгуулсан үндсэн чиглэл зарчмаар нь явуулж, орлогыг нь урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлж чадсан бол өнөөдөр манай улс ямар хөгжилд хүрэх байв. 2008, 2012 онд “Эрдэнэс Монгол” компаниас авч иргэдэд бэлэн мөнгө тараагаагүй бол дэлхий дээрх цөөн хэдэн топ компанийн нэг болох байлаа. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг Баялгийн сангийн хөгжлийн сан загвараар зөв менежмент хийж, хуулийг нь баталж, боломжийг нь олговол ирэх намар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Асгатыг дагаад ураны ордууд дээрээ ярилцаж эхэлсэн. Энэ эрчээрээ явбал өнгөрсөнд алдсан боломжийг ирэх таван жилд нөхөх боломжтой юм. Хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангаж чадвал өгөөжөө хурдан өгдөг. Энэ хэмжээгээр улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа нэмэгдэх сайн талтай.
Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос баялгийн санд төвлөрүүлнэ
Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд тусгаснаар Баялгийн сангийн орлогыг таван үндсэн эх үүсвэрээс төвлөрүүлнэ гэж үзсэн. Баялгийн сангийн орлогыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын АМНАТ-аас төвлөрүүлнэ. Мөн ашигт малтмалын ордуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит компаниудын төрд ногдох хувьцааны ашгийг сан руу татах юм. Тухайлбал, Оюутолгойн 35 хувийн хувьцааны ашиг санд төвлөрнө гэсэн үг. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьцаагаа борлуулсны тодорхой хувийг төвлөрүүлэхээр тооцжээ.
Үүнээс харвал Тавантолгойн IPO хийсний тодорхой хувийг татна гэж ойлгож болох юм. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогын тодорхой хувийг баялгийн санд төвлөрүүлэхээс гадна газрын тосны компаниуд ашигтай ажиллавал төрд ногдох хувьцааны ногдол ашгийг татан төвлөрүүлэх юм байна.
Харин Баялгийн сангийн ашиг, хөрөнгөө тодорхой санд байршуулсны хувиар орлогоо бүрдүүлэх тооцоо хийж, орлогоо арвижуулахын тулд санхүүгийн хэрэгсэл, мега төслүүдэд хөрөнгө оруулж, эрсдэлийн сан байгуулахыг хуульд тусгажээ. Мөн тэрбум ам.доллараас өндөр санхүүжилттэй мега төслүүдэд зарцуулахаар тооцжээ. Монголбанкны судалгаагаар тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай арваад төсөл хэрэгжиж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн орлогыг нийгэм, иргэнд чиглэсэн хөгжлийн санхүүжилтэд зарцуулах юм.