Парисын Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон ОУХМ Б.Ганхайч Монголын багийн анхны медалийг хүртлээ.
Түүний жинд 40 жүдоч зодоглосноос Узбекистаны Севинич Исокова, Чехийн Рената Зачова, Косовогийн Лаура Фазлиуг ялаад хэсгийн аваргын төлөө Нидерландын Жоанна ван Лешотод ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Кубын Мэрилэн Дел Торо Карвахалыг буулган авч, Японы Кирари Ямагүчиг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр Б.Ганхайч Их Дуулга тэмцээнээс тав дахь медалиа хүртэж байна. Парисын олимп дөхсөн энэ үед Их Дуулга тэмцээнээс 250 оноо чансаандаа нэмж, дэлхийн чансааны 44-д бичигдэж байна. Олимпод оролцохын тулд эхний 20-д орох ёстой юм.