Японы сүмогийн холбоо пүрэв гаригт Мияагино дэвжээг хааж бөхчүүд болон багш нарыг Исэгахама дэвжээ рүү шилжүүлэх болсныг зарлажээ.
Сүмогийн холбоо бөхчүүдийг өөр өөр дэвжээнд хуваарилах хүсэлтэй байсан ч хамтад нь нэг дэвжээнд багш Хакүхогийн хамт шилжүүллээ. Макүүчи дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн ёкозүна Хакүхогийн удирдаж байсан Мияагино дэвжээний бөх өсвөрийн бөхчүүдэд бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Япон улсад шуугиан тарьсан билээ. Энэ асуудлаас болж Япон улсын сүмо бөхийн дэвжээ ёкозүна Хакүхо аваргын дэвжээ удирдах эрхийг түр хугацаанд зогсоож, цалинг нь хассан. Түүний шавь Хокүсэйхо энэ дуулианы улмаас зодог тайлсан. Сүмогийн холбооны олон нийттэй харилцах менежер “Тус дэвжээг бүр хаах бус хяналтад байлган, цаашдаа сайн бөхчүүдийг хүмүүжүүлнэ гэж найдаж байна” гэв.
У.Цогжавхлан