Балбад Gen Z үеийнхэн шударга бусыг ялав

Балбад “Gen Z” үеийн залуусын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд дотоод улс төрийн тогтолцоог доргиож, хүчирхийлэл дагуулсан жагсаал, мөргөлдөөнүүдээр үргэлжилж байна. Авлига, ажилгүйдэл, эрх мэдэлтнүүдийн завхарсан бодлого, нийгмийн шударга бус байдлыг эсэргүүцсэн жагсаал анх эхэлсэн боловч Засгийн газар цахим сүлжээнүүдийг хаах шийдвэр гаргаснаар эсэргүүцэл улам өргөжиж, олон мянган хүн оролцсон хөдөлгөөн болж хувирсан.

2025 оны 9-р сарын 9-ний өдөр жагсагчид Ерөнхий сайд К.П. Шарма Олийн албан байр болон Засгийн газрын барилгууд руу дайран орж, галдан шатааж, мөргөлдөөн ширүүссэн. Улаанбаатарын төв талбайд болсон шиг олныг хамарсан жагсаал Катманду хотод өрнөж, хүчний байгууллагууд тараах гэж оролдсон ч эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдсэн. Үүний дараа Ерөнхий сайд Оли олон нийтийн шахалтад орж, огцорч байгаагаа зарласан.

Жагсаалын үеэр Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг чиглэсэн хүчирхийлэл гарч, олон улсын хэвлэлүүдээр өргөн цацагдсан бичлэгүүд дуулиан тарьсан. Сангийн сайд Бишну Прасаад Паудел Катмандугийн гудамжинд жагсагчдад хөөгдөн, өшиглөж зодуулсан бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Мөн Ерөнхий сайд асан, одоогийн Гадаад хэргийн сайд Шер Бахадур Деуба болон түүний эхнэр Аризу Рана Деуба нарыг жагсагчид байшинд нь дайран орж зодсон тухай баталгаатай эх сурвалжууд мэдээлэв.

Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн 19 хүн амь насаа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж, олон арван хүн шархадсан. Хотын төвийн гудамж талбайд мөргөлдөөн үргэлжилж, зарим барилга шатаж, олон нийтийн өмч сүйдсэн. Үймээний хөлд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, улс төрийн тогтворгүй байдал улам гүнзгийрч байна.

Сэтгэгдэл үлдээх