Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн өсөлт урт хугацаанд хадгалагдах эерэг төлөв ажиглагдаж байгаа талаар түүхий эдийн зах зээлийн томоохон оролцогч талууд мэдээлсэн.
Бээжингийн эрх баригчид 2020 оны хоёрдугаар хагас жилд цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн.
Ийнхүү дэлхийн нийт зэсийн хэрэглээний тал хувийг дангаараа бүрдүүлэгч БНХАУ-д үйлдвэрлэл эрчимжиж, түүхий эдийн эрэлт нэмэгдсэнээр олон улсын зах зээл дээрх суурь металлын ханш сүүлийн саруудад огцом өсөх чиг хандлага ажиглагдсан.
Цар тахлын хямралын оргил үе буюу БНХАУ-д хатуу хөл хорио тогтоосон өнгөрөгч гуравдугаар сард дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш тонн тутамд 4600 ам.доллар хүрч огцом буурсан нь 2016 оны аравдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байв. Харин Лондоны хөрөнгийн бирж дээрх зэсийн ханш гуравдугаар сараас хойш хатуу хөл хорионы дараах хатуу эрэлтээс улбаалан 65 хувиар өсч, тонн тутамд 7700 ам.долларт хүрээд байгаа юм.
Мөн Хятад, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй, хурдацтай хөгжиж буй Азийн томоохон эдийн засагтай орнуудад ирэх 10 жилийн хугацаанд барилгажилт, хотжилт эрчимтэй нэмэгдэж эрчим хүчний хэрэглээ өсөх, өндөр хөгжил бүхий үйлдвэрлэгч улс орнууд хүлэмжийн хийн ялгарлын эсрэг хүчтэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн, цахилгаан автомашины үйлдвэрлэл 2030 он гэхэд нийт шинэ автомашины үйлдвэрлэлийн 30 хувьд хүрэх зэрэг чиг хандлагуудаас шалтгаалан олон улсын зах зээл дээрх зэсийн ханш урт хугацаанд, тогтвортой өсөх төлөв байдал ажиглагдаж байгаа талаар зах зээлийн томоохон шинжээчид мэдээлсэн. Тухайлбал, хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны олон улсын зах зээлийн судалгааны хүрээлэнгийн судлаачид түүхий эдийн зах зээлд гарч буй эерэг чиг хандлагуудаас шалтгаалан дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш 2022 он гэхэд тонн тутамд 10 мянган ам.долларт хүрэх тун өөдрөг таамгийг дэвшүүлсэн.
Тэгвэл зах зээлийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн өсөлтөөс шалтгаалж 2020 оны хоёрдугаар хагас жилд зэс олборлогч томоохон уул уурхайн оператор компаниудын хувьцааны ханш оцгом өссөн байна. Тухайлбал, оюутолгойн 66 хувийг эзэмшигч, Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компанийн нэгж хувьцааны ханш өнгөрөгч гуравдугаар сард 3.9 ам.доллар байсан бол арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн арилжааны хаалтын байдлаар 12.14 ам.доллар болж гурав дахин өсжээ.
Рио Тинто Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад геологийн хүндрэл тулгарсны улмаас анх тооцож байсан 5.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх болсон талаар мэдэгдсэн. Туркойз Хилл Ресурс болон Рио Тинтогийн удирдлагууд энэ сарын сүүлээр оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хэмжээг эцсийн байдлаар тодорхойлж, мэдээлэх хүлээлттэй байгаа юм.
Хамгийн гол нь Рио Тинтогийн удирдлагууд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай нэмэлт санхүүжилтийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээлж, үлдсэн эх үүсвэрийг Туркойз Хилл Ресурсын хувьцааг зах зээлд санал болгох байдлаар шийдвэрлэх байр суурь илэрхийлээд байгаа энэ цаг үед тус компанийн хувьцаа 150 хувиар өсөөд байгаа нь тун таатай нөхцөл байдлыг бүрдүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх