-Аавын минь уран бүтээлийг худалдаж авахаар хаа хол Улаанбаатараас ч хүмүүс зорьж ирж байна-
“Агуу их хүн бусдад танигдахгүй
Адилхан олны дунд хутгалдан байвч
Амьдралын тогоонд бүхнээс илүү чанагдан
Арчаагүй нэгийг нь шөлөөрөө тэнхрүүлдэг юм”.
Тэрбээр эл шүлэгтээ тэрлэснээр л аавыгаа төсөөлдөг. “Эсэргүүний хүүхэд” гэж нийгэмд адлуулахаас болгоомжилсон ээж нь түүнийг бүр том болсны дараа төрсөн эцгээр нь овогложээ. Гурван настай байхад нь түүний аав өөд болсон тул дурсамж яриа, зураг, уран бүтээлээр нь л “уулздаг”. Ийм адармаатай амьдралыг туулж яваа түүнийг Чойномын Мөнхтэмүүлэн гэдэг.
Монгол Улсад Чойном гэдэг нэртэй олон хүн бий. Гэхдээ аавынх нь нэрийг бичингүүт “Аа, алдарт яруу найрагч Чойном уу” гэж хүн бүхэн бодож байгаа нь мэдээж.
Аугаа их номч гүүш Бямбын Ренчин “Чойном бол асар их хог новшин дундаас гялалзсан алт эрдэнэс” гэж онцолсон нь түүний амьдрал, уран бүтээл хэр адармаатай зам туулсныг, ямар их авьяастай эрхэм байсныг илтгэнэ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан амьд сэрүүн байхад нь уулзахдаа “Чи бол гайхалтай яруу найрагч” хэмээн дуун алдсан гэдэг. Р.Чойном бол цаг үеэ эзэгнэн төрсөн тийм л чадалтай, чансаатай, тод мөртэй, нөхөж барамгүй орон зайны эзэн байлаа.
Ярилцлагын маань гол баатар Ч.Мөнхтэмүүлэн Р.Чойном агсны отгон охин нь. Дархан хотод амьдардаг тэрбээр хэдхэн хоногийн өмнө аавынхаа уран бүтээлээр номын мухлаг нээжээ. Түүнтэй утсаар холбогдон ярилцлаа.
ОЛОН ЖИЛ ТЭЭСЭН ХҮСЭЛ МИНЬ БИЕЛЛЭЭ
–Аавынхаа уран бүтээлээр “Чойномын номын мухлаг”-аа нээх санаа анх хэзээ төрөв. Уран бүтээл, ном товхимолыг нь цуглуулахад хэр хугацаа зарцуулав?
-Аавынхаа уран бүтээл, номуудаар ийм мухлаг нээх юм сан гэж олон жилийн өмнөөс хүссэн. Гэвч мөрөөдөл төдий байлаа. “TV9” телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт оролцсоныг маань олон хүн үзсэн байна лээ. Тэр нэвтрүүлгийг гарсны дараа Өвөр Монголд хандивын аян өрнөн, хандивын гараа сунгасных нь буянаар би ийм сайхан мухлагтай боллоо. Аавыг минь хүндэлдэг, уран бүтээлд нь дуртай, хайртай хүмүүс нэгдсэн юм билээ. Аавын өвийг хамгаалдаг “Өд” сангаас бүрэн цуврал номуудыг нь хандивлалаа. Одоо ч хүмүүс надад ном хандивлан, амжилт хүссээр байна. Аавын уран бүтээлүүдээр мухлаг нээн, олон жил тээсэн хүсэл минь биеллээ.
-Таны аавын хэчнээн уран бүтээл мухлагт нь байгаа вэ?
-Уг нь зөндөө байсан юм аа. Түрүүчээс нь хүмүүс худалдаж аваад дуусаж байна. I-XIV боть, “Чойномын нүүрний хэв”, “Чойномын захидал”, “Залуу нас”, “Гөлөг” зэрэг нэлээд хэдэн ном нь бий.
ХҮМҮҮС “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ”-Г НЬ ИХ СУРАГЛАЖ БАЙНА
-Мухлагтаа зөвхөн аавынхаа номыг худалдаж байгаа юу?
-Аавын уран бүтээлүүдээс гадна төрөл бүрийн ном, товхимол худалдаж байна. Уран зохиолын, шинжлэх ухааны, хүүхдийн гэх мэт төрөл бүрийн ном авах боломжтой. Аавынхаа уран бүтээлүүдээр мухлаг нээсэнд хүмүүс их сонирхож байна.
Хүмүүс “Сүмтэй будрын чулуу”-г их сураглаж, ирж байна. Манайх мухлагаа нээгээд долоо л хонож байгаа. 20 ширхэг “Сүмтэй будрын чулуу” байсан нь дуусчихлаа.
Хаа хол Улаанбаатар хотоос хүртэл аавын номыг худалдаж авахаар зорьж ирсээр байна. Авьяастай, тод мөртэй, Монголын бахархал болсон ийм сайхан ааваараа бахархаж байна.
“Дэлгүүрт нь нэмэрлэе” гээд нэг, хоёр ном барьсаар ирдэг. Ойрд үйлчлүүлэгч ихтэй байна. Нээрэн намайг мухлагтай болоход Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ЗДТГ маш их тусласан.
ААВЫН МИНЬ УРАН БҮТЭЭЛИЙН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ “ӨД” САН ЭЗЭМШДЭГ
Р.Чойном агсны уран бүтээлийн зохиогчийн эрхийг хэн эзэмшдэг вэ?
-“Өд” сан эзэмшдэг.
-Борлуулалтын орлого, ашгаасаа та бүхэнд тодорхой хувийг өгдөг үү?
-Өгдөггүй. Тийм юм байдгийг ч мэдэхгүй. Аавын минь уран бүтээлүүдийг эмхэтгээд, ном гаргаад мөнхжүүлж байгаад нь баярладаг. Д.Сосорбарам гуай энэ тэрийг мэдэхгүй. “Өд” сангийн Д.Ганболд ах бидэнд их тусладаг.
-Зохиогчийн эрхийг нь та бүхэн шилжүүлж авах бодол бий юү. Энэ талаар хөөцөлдөж байсан уу?
-Ёстой хөөцөлдөж байгаагүй. Энэ талаар бодож байгаагүй. Аавынхаа уран бүтээлийн зохиогчийн эрхийг авлаа гэхэд шинээр хэвлүүлж, хэн нэгэн “Чойномын гар бичмэл. Тэдэн төгрөгөөр зарна” гээд ирэхэд нь би худалдаж авч чадахгүй. Тиймээс Д.Ганболд ах дээр байсан нь дээр.
ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ӨГСӨН ХАНДИВААР ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН
–Та хэдэн сарын өмнө “Сум хөгжүүлэх сан”-гаас авсан зээлийнхээ улмаас байраа хураалгах дээрээ тулсан юм билээ. Аргагүйн эрхэнд аавынхаа төрсөн нутаг болох Хэнтий аймгийнхнаас тусламж хүссэн. Зээлээ төлсөн үү?
-Төлсөн, төлсөн. “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт оролцсоны дараа өвөр монголчууд нэгдэн, надад хандив өргөсөн талаар би түрүүн хэлсэн. “Итгэл” групп, Азбаяр нарын хүмүүс өвөрмонголчуудтай хамт нэгдэн, гуравхан хоногийн дотор 15 сая төгрөг цуглуулж, надад сэтгэлийн хандив өргөсөн юм. Тэр хандиваар зээлийнхээ дөрвөн сая төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгөөр нь энэ мухлагаа нээлээ. Надад хандив өргөсөн бүх хүнд баярлаж явдгаа илэрхийлье.
-Хэнтий аймгийнхан тантай холбогдсон уу, хандивын аянд нэгдсэн үү?
-Надтай холбогдоогүй.
-Аав тань “Охин төрвөл Тэмүүлэн гэдэг нэр хайрлаарай” гэж ээжид нь захьсан юм билээ. Үнэн үү?
-Тийм ээ. Аав минь “Хүү төрвөл Желал-Ад дин. Охин мэндэлвэл Тэмүүлэн гэж нэрлээрэй” гэж ээжид хэлсэн гэсэн. Чингис хааны дүүг Тэмүүлэн гэдэг. Тэгээд ийм нэр хайрлая гэсэн бололтой. Тиймээс ээж минь намайг мэндэлсний дараа аавын өгсөн нэрний урд “Мөнх” залгаж, Мөнхтэмүүлэн гэж нэрлэсэн. Намайг хоёр ой гаруйтай байхад аав минь бурхан болсон. Тиймээс аавынхаа тухай би сайн санадаггүй юм.
-Гар бичмэл, хэрэглэж байсан эд, зүйлс нь танд бий юү?
-Байхгүй. Гар бичмэл нь “Өд” санд, хэрэглэж байсан эд, зүйл нь Хэнтий аймгийн Дархан суманд байрлах гэр музейд нь бий.
АРДЧИЛЛЫН ДАРАА Л ЧОЙНОМЫН ОХИН ГЭДГЭЭ МЭДСЭН
-Р.Чойном агсан тухайн цаг үедээ их хавчигдаж, хэлмэгдэж явсан яруу найрагч. Түүний охин гээд таныг хавчиж, шахдаг байв уу?
-Тийм хавчлага, шахалтад үргэлж өртдөг байсан. Бага байхад аавын талаар ер ярьж, дурсдаггүй байлаа. Хүн мэдчихвэл “Эсэргүүний хүүхэд” гээд баривчилна, шийтгэнэ. Тиймээс миний аав авьяастай, эрдэм номтой хүн байсан гэж бүдэг бадаг мэддэг байв. Олны тийм хандлага Ардчиллаас хойш л гайгүй болсон. Түүнээс өмнө аавынхаа талаар мэддэггүй байсан юм.
Ардчиллын дараа Монголын бахархал Чойномын охин гэдгээ мэдсэн, бүр сүүлд. Ардчиллаас өмнө аавын минь талаар хүмүүс тэр бүр ярьдаггүй байсан шүү дээ. Бүр сүүлд олноороо шагшин, уран бүтээлийг нь хэвлээд л шуугих болсон юм. Аав минь цагаадан, Төрийн соёрхол хүртээд мандсан даа.
-Ямар үед аавыгаа хамгийн их санадаг вэ?
-Бүхий л цаг үед санадаг. Сүүлийн үед их санаж, үгүйлж байна. Хүмүүс номыг нь худалдаж авах гээд хаа холоос зорьж ирэн, шүлэг, уран бүтээлийг нь одоо ч шагшихаар бүр ч санадаг, бахархдаг.
-Та аавынхаа авьяасыг өвлөсөн үү. Шүлэг, зохиол тэрлэдэг үү?
-Би шүлэг бичдэг. “Би бол чи” гэдэг нэртэй шүлгийн номтой. Шинэчлэн гаргах бодол бий. Санхүүгийн боломжоос шалтгаална.
-Та нийт хэдэн шүлэгтэй вэ?
“Би бол чи” ном 108 хуудастай. Хуудас бүр нь нэг шүлэгтэй. Тэгэхээр 108 шүлгээрээ “Би бол чи”-г гаргасан гэсэн үг. Номдоо хэвлүүлээгүй, олны хүртээл болоогүй олон шүлэг бий. “Миний шүлэг тэд боллоо” гэж тоолж байгаагүй. Одоо овоо хэд болсоон.
Нээрэн, би “Сансар ертөнцөөр аялсан нь” гэдэг нэртэй цуврал тууж бичсэн. “Аавдаа шүлгээ уншиж өгсөн бол хэчнээн сайхан бэ. Амьд сэрүүн байсан ч болоосой” гэж бодогддог. Хэнтий аймагт болсон яруу найргийн нэгэн наадамд би шүлгээ уншсан. Аавынхаа төрсөн нутагт шүлэг унших үнэхээр сайхан юм билээ. Аав минь тэнгэрээс миний шүлгийг сонсож, охиноороо бахархсан байх.
-Он цагийн эрхээр Р.Чойном агсан тодорхой хэмжээнд мартагдсаар. Үүнд та эмзэглэдэг үү?
-Олны танил хүмүүс цаг хугацааны эрхээр мартагддаг. Аав минь олныхоо дунд харин ч удаан “амьдарсаар” байна. Зохиол бүтээлийг нь мөнхжүүлж буй “Өд” сан, монгол түмэндээ баярладаг. Одоо хүртэл олон шүлгийг нь монголчууд чээцээрээ мэднэ. Энэ нь олны сэтгэлд мөнх “амьдарсаар” буйн илрэл.
-Та ер нь аавынхаа хэдэн шүлгийг чээжээр мэддэг вэ?
-Би ер шүлэг чээжилдэггүй. Өөрийнхөө шүлгийг ч чээжээр мэддэггүй.
ААВДАА ЗОРИУЛЖ “БИ БОЛ ЧИ” НОМОО ШИНЭЧЛЭН ХЭВЛҮҮЛНЭ
-“Аавдаа зориулж тийм юм хийх сэн, ийм зүйл бүтээх сэн” гэж төлөвлөж яваа зүйл бий юү?
-Аавдаа зориулж “Би бол чи” номоо шинэчлэн хэвлүүлнэ. Хавтсан дээр нь аавынхаа болон өөрийнхөө зургийг нийтэлнэ. Аавынхаа авьяасыг би дуслын төдий өвлөсөн. Түүнийгээ аавдаа зориулна. Мөн аавдаа төдийгүй Монголынхоо бүх сайхан аавд зориулж дууны шүлэг тэрлэх бодол бий.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, Засаг дарга Б.Азжаргал, Өвөр Монголын “Итгэл” групп, Өвөр Монголд байгаа Азжаргал дүүдээ, өвөрмонголчууддаа, “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүгийн хамт олон, Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ, хүүгийн минь сургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг даасан “Отгонтэнгэр” их сургуулийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.
Энэ үеэр “За, үйлчлүүлэгч ороод ирлээ. Эгч нь завгүй болчихлоо” гэснээр бидний яриа өндөрлөв.
Эх сурвалж: Eguur.mn
Сэтгэгдэл үлдээх