УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаар сонголоо. Урьдчилсан байдлаар 126 гишүүн тодорсон бөгөөд тэдний 80 нь анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бол 26 нь өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд байна.
Энэ удаад дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэн түүхэнд үлдэнэ. Сонгуулийн холимог тогтолцоог ашиглан явуулсан энэ удаагийн сонгуульд тойргуудаас гадна намын жагсаалтаар олон сонирхолтой дүр орж ирсэн юм. Тэр дундаа олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан нь парламентын хамгийн залуу болоод ахмад гишүүн багтаж байна. Шинэбаярын Бямбасүрэн гэхэд л зүүн бүсэд нэгээр товойн гарч ирсэн.
Ардчилсан намд үе солих процессыг хамгийн идэвхтэйгээр өрнүүлж, Z үеийн дуу хоолой болж гарч ирсэн С.Цэнгүүн энэ парламентад хамгийн залуу гишүүнээр тодорлоо. Түүний хувьд 2013-2017 онд ШУТИС-ийн БУХИС Маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр хамгаалж, 2020-2022 онд СЭЗИС-ийн Санхүү менежментийн магистрын зэрэг хамгаалсан байдаг.
Харин энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүнээр МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэж сонгогдсон Д.Рэгдэл болж байна. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч тэрбээр 1951 онд төрсөн буюу 73 настай. 1996 онд Монгол улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн нэгэн.
Баян-Өлгий аймагт амьдарч буй үндэстний цөөнхийн төлөөллийг хангах үүднээс тусад нь бүс болгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн дүнгээр казах иргэдийн төлөөлөл дөрөв болж нэмэгдлээ. Ингэхдээ тойргийн мандатаар Х.Жангавыл, Т.Аубакир, Б.Бейсен нар гишүүнээр сонгогдсон юм. Үүнээс гадна ИЗНН-ын намын жагсаалтаар С.Замира орж ирсэн.
Ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гэсэн гурван сайд парламентын босго давахуйц санал авч чадсангүй. УИХ-ын есдэх удаагийн парламентын хамгийн сонирхолтой дүр нь ИЗНН байлаа. Улс төрд битүү морь гэдэг агуулгаар дөрвөн ч суудал авахаар болсон тус намын жагсаалтыг Б.Батбаатар, М.Нарантуяа, Р.Батболд С.Замира гэсэн нэр дэвшигчид тэргүүлж буй юм.
Энэ парламентад сонгогдсон 126 гишүүний дунд сэтгүүлч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн дөрвөн хүн байгаа юм.Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2001 онд "Бэрс" дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж байжээ. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хувьд сэтгүүлч мэргэжил эзэмшиж, 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, "Ил товчоо" сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн АН-аас нэр дэвшиж, суудал авсан "Цензургүй яриа"-ны г.Мөнхбаясгалан, "Улаан бал"-ын гэх тодотголтой сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар багтлаа.
Мөн энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан хүмүүсээс онцолбол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Халтмаагийн Баттулга АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулав. Тэрбээр олон болж эргэн ирнэ гэсэндээ хүрч Л.Мөнхбаясгалан, Шижир нараар хүрээлүүлэн УИХ-д орж ирлээ. Олон намын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн УИХ хамтарсан Засгийн газрыг байгуулах тухай яригдаж байгаа. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, хамтарсан Засгийн газар болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэнэ.