УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшиж сонгогдсон 126 эрхэмд өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны Их танхимд УИХ-ын гишүүний үнэмлэхийг албан ёсоор гардуулж өгнө. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн юм.
Ингэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол баталсан байдаг.