Хассуурийн Ганхуяг ёс зүйтэй гэхээргүй үг хэлээд л байгаа үзэгдэх. Хүрлийчихээд л “.изда, .алар” гэсэн үгс хэлсэн нь Ч.Ундрамтай нэгэнтээ “эрхлэлдэж” суусанаас нь хачин сүрлэг л харагдах. Парламентынхан маань гоё гоё үзэгдлүүд өрнүүлээд л байгаа. Гэтэл спикер С.Бямбацогт Даваагийн Цогтбаатарыг өрөөндөө дуудсан юм байна. Өнөөх нь дарга дуудлаа гээд сүрхий явж очтол “Нэгжүүл, утаас хураалга” гээд угтаж. Тэгэхээр нь гэдийж одсон байна, спикер дээрээ ороо ч үгүй байна. Бүр баахан гомдол бичсэн харагдана. С.Бямбацогт “Их хурлын дарга яг болох үедээ ихээхэн найрсаг байсан. Болчихсоны дараа байдал өөр болчихоод байна” гэж гишүүдийн энэ мэт илэрхийлж байгаа байр суурь давтагдаад байх шинжтэй. Батын Батбаатар “Юу , юу гэж хэлж спикер боллоо доо” гэсэн л суусан, хэд гуравхан хоногийн өмнө. Дарга болж бололгүй яахав, гэхдээ нэг өнгөөрөө л, ямар байсанаараа л байх нь төрийн хүний багцаа. Өөр өөр авир гаргахаар өөр өөр асуудлууд тавигдах нь гарцаагүй юм.
С.Бямбацогт бол 2024 онд УИХ-ын сонгуульд Л.Оюун-Эрдэнэ даргатай Ардын нам ялаад, Засаг, УИХ байгуулаад хоёр жил хүрэхгүй хугацаанд гурван Ерөнхий сайд, гурван спикер солиод байгаагийн нэг юм. Түүний өмнөх хоёр спикер хэд хэдэн сар л УИХ даргалсан. Энэ тоолондоо л УИХ-аас байгуулагддаг байгууллагуудын дарга нарыг хүлээж авч уулзсан. Ажил байдлыг нь мэдсэн. Одоо С.Бямбацогт дарга энэ ажлыг хийж байна. Монгол банк, аудит, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарыг хүлээж авч, тэврэлдээд л, уулзаад л суугаад байна. Цаашид ч уулзалтууд хийх нь шиг байна. Рийл мэдээгээ цацах нь шиг байна. Хоёр жил хүрэхгүй хугацаанд юу өөрчлөгдөх вэ дээ. Байдгаараа л байгаа. Энэ ерөөс шинэ юм биш. УИХ-ын даргын тоо олширсон, уулзалт олширсоноос эсээр нэмэгдсэн зүйлгүй байна. УИХ-ын даргын суудал гулгамтгай болчихоод байгаа,Ардын намын энэ өнгөн дээр.
Тиймээс С.Бямбацогт дарга илүү үр бүтээлтэй ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Юуны төлөө төрийн эрх барих дээд байгууллага билээ. Дарга нь билээ, илүү утгалаг, үр бүтээлтэй ажил хиймээр байна. Засгийн газартаа шахалт шаардлага, цаг үеийн оносон зүйлсийг санал болгомоор байна. Юуны өмнө улсын төсвөө яах юм бэ гэдэг асуудал байна. Төсвийн орлого үнэмлэхүй тасарч яваа, үүнийг яах вэ гэдэг асуудалд С.Бямбацогт санаа чилээх ёстой. Их хурлын дарга болсонгүй гээд үнэрхэж гомддоггүй л юм бол Б.Жавхлангаа сонсох хэрэгтэй байх. Г.Занданшатарын Засгийн газрын додомдож байгаад шинэ онтой золгож байсан төсөв, яг тэр үеийнх шиг их наядаар яригдах орлого тасарсаныг ярих ёстой, С.Бямбацогт дарга. Төсвийг УИХ баталдагаас хойш үүнийг ярих ёстой. Энэ оныг яаж гэтлэх юм. Бензин шатахууны үнэ дийлдэхээ байлаа. Г.Дамдинням Казахстанаас хүртэл бадар барьж явах шиг байна. Шатахуун нөөцлөх тухай С.Бямбацогт сайн мэдэх хүн. Хэрэг эрхлэхийн дарга байхдаа энэ талаар ихээхэн “санаачлагатай” ажиллаад байсаныг хүмүүс хэлээд байгаа. Ж.Золжаргал гишүүн Алтанширээгийн газрын тосны үйлдвэрийн сав агуулахыг ашиглах ёстой гэж хэлсэн. Тэр мадаггүй зөв. Энэ талаар С.Бямбацогт сайн мэдэх. Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийг барих сонгон шалгаруулах асуудлыг түргэвчилмээр байдаг. С.Бямбацогт Хэрэг эрхлэхийн дарга байхдаа үүнийг хэрхэн явуулахыг сайн мэдэж байсан тул спикер болсон ч хэвлэл мэдээллийнхэн асуугаад тойроод гүйгээд байгаа харагдах. С.Бямбацогт ч чухам чухал зөв сонголт хийгдэх тухай хэлж байна лээ. Зэс шиг үнэтэй юм одоо алга байна . Түргэвчлэх шаардлагатай.
Аудитор С.Магнайсүрэн сайн ажиллаж байх шиг байна. Улсаар нэг санхүүгийн зөрчил гарсаныг хэлээд байна. Илтгээд байгаа нь мэдээлэгдэх. С.Бямбацогтын тавьсан Ц.Одхүү даргатай “Эрдэнэс Монгол”-д олон асуудал байгааг Эрдэнэт үйлдвэрийнхэн мэдээлээд , шударга бус гэж хэлээд байгааг нийгэм харж л байгаа. “Эрдэнэс Монгол” Эрдэнэт үйлдвэрээс 20 тэрбумыг менежментийн үйлчилгээний төлбөр гээд авч. Эрдэнэт үйлдвэрт эдний үйлчилгээ ер хэрэггүй гэж ГОК-ын ажилтан нийгэмд шүгэлдээд байна. Эрдэнэс Монгол мөн 161 тэрбумын найдваргүй авлага бий болгож, зээлийн санхүүжилт өгсөнийг ч барим тавим хэлж байх юм. Чухам энэ мэтээсээ л таналт хэмнэлт хийж улсаа тэтгэх, дэмжих ажлын чиглэлийг УИХ-ын дарга С.Бямбацогт Засгийн газартаа өгмөөр.
Шүлхийн вакцин шийдэж чаддаггүй нөхөр шүү дээ гэж хэвлэлүүд Сангийн сайд З.Мэндсайханыг бичиж байна. З.Мэндсайхан өөрийн толгой дахиа яая гэж байж, ХҮН намын халагдсан сайд П.Наранбаярт эрэлхээд байх. Нөгөөх нь мөчөөгөө өгөхгүй “Тэгж пээдийхгүй шүү З.Мэндсайхаан” л гэж байгаа харагдах. Төр ийм алиг шалигхан үйлстэй байхад УИХ-ын дарга, төрийн эрх барих дээд байгууллагын дарга С.Бямбацогт зангаргатай байж Засгаа дэмжиж, борвиос нь өргөх ажлыг хийх хэрэгтэй байна. Түүнээс биш уулзалт мундсан биш, элдэв олон ёсолгооны хүмүүс ирүүлдгээ болих хэрэгтэй. Зөв бүтээлч байх хэрэгтэй.
З.САЙНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх